Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Аав, ээждээ "Баяртай" гэсэн бичиг үлдээгээд амиа хорложээ

-ХҮҮХДЭДЭЭ ЗАВ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХОЛБОЖ ӨГЬЕ-
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 14 настай хүү амиа хорлолоо. Ердөө л "Аав, ээж ээ баяртай" гэж бичсэн алга дарам цаас үлдээгээд хорвоог орхисон байна. Он гарсаар 15 хүн амиа хорлосны нэг нь тэр хүү. Энэ жилийн хувьд амиа хорлогчдын хамгийн бага нь есөн настай. Есөөс 15 насны дөрвөн ч хүүхэд үхлийг сонгосон байна. Гэр бүлийнхэндээ баяр баясгалан, аз жаргал нэмж ирчихээд, хүүхэд насандаа амьдралыг үзэн ядаж, хорвоог орхих сонголт хийнэ гэдэг дэндүү харамсалтай. Хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болсон үед амиа хорлох сонголт хийдэг талаар сэтгэл зүйчид ярьдаг. Тэгвэл эцэг эхийн хайр халамжаас холдож өөрийгөө үнэлүүлэх насандаа ч хүрэлгүй хорвоог орхиж байгаа хүүхдүүдийн үхэлд хэнийг буруутгах вэ. Амиа хорлосон хүүхдүүдийн олонхи нь хойд аавын гар харсан байдаг. Бас сургуулийнхан, найз нөхдөөс нь сураглахад ганцаардсан, гэрээсээ гардаггүй, бүрэг нэгэн хорвоог орхисон байна. Уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хүүхэд амиа хорлосон хэргийг сурвалжиллаа.
ТАЛИЙГААЧ ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ МУУДАЛЦСАН БАЙЖЭЭ
Талийгаач Ж айлын том хүү. Ээж Мөнхцэцэг нь санхүүч мэргэжилтэй. Мөнхцэцэг Ж-гаас гадна арван настай хүүтэй. Тэрбээр хоёр ч хүнтэй сууж байсан гэнэ. Харин жил гаруйн өмнө нутгийнхаа нэгэн залуутай гэр бүл болжээ. Тэдний бага хүүхэд нь ой хүрээгүй. Ж-ийн хойд аав 27 орчим настай залуу аж. Тэднийх сумын төвд амьдардаг бөгөөд аав, ээж нь хоёулаа ажилгүй юм байна. Өөрийн гэх мал хуй ч байхгүй гэнэ. Харин нөхөр нь мод бэлггэх төдий ойр зуурын ажил хийж мөнгө олдог аж. Бас "Эх орны хишиг" төдийхнөөр амьдралаа залгуулдаг бололтой. Мөнхцэцэгийн нөхөр хааяа архи уудаг талаар нутгийнхан нь ярьж байсан. Гэхдээ тэднийд хэрүүл, маргаан тэр бүр гараад байдаггүй. Хоёр том хүү нь сургуульд сурдаг. Талийгаач амиа хорлохоосоо өмнө гэрийнхэнтэйгээ муудалцсан талаар найздаа ярьжээ. Ерөнхийдөө сүүлийн үед найзууддаа амьдрал утгагүй, олон аавтай байхын зовлон хэцүү, дүүтэйгээ хамт хот руу явмаар байна гэх мэтээр ярьдаг байсан гэнэ. Талийгаачийн хувьд даруухан, авьяаслаг нэгэн байсан гэнэ. Сумынхаа сургуулийн наймдугаар ангид сурдаг байжээ. Найзууд нь түүнийг нийлэмжтэй, зан ааш нь эвдрээгүй хүүхэд байсан гэдгийг онцолж байсан юм.
Тэрээр гэрийнхэнтэйгээ муудалцаад, "Аав аа, ээж ээ баяртай" гэж бичиж үлдээгээд амиа хорлосон байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
АМИА ХОРЛОСОН ХҮҮХДҮҮД ИХЭВЧЛЭН ГАНЦААРДМАЛ БАЙДАГ
Сонгинохайрхан дүүрэгт есөн настай хүү хашаанаасаа боомилж амиа алдсан хэрэг саяхан гарсан. Айлын ганц хүүг аав нь гэрээсээ бараг гаргадаггүй. Бас аав ээж нь шөнийн бор хоногтоо л гэртээ ирдэг. Хүү хичээлээ тараад л гэртээ ганцаараа өнждөг байсан аж. Найзуудынхаа гэрт ч очоод тоглох эрхгүй хүү ангийнхандаа чихэр жимс зөөж тал засдаг байсан талаар ярих хүн байсан. Хичээлээ тарангуут "Аав загнана" гээд гэр лүүгээ годхийчихдэг хүү шинэ жилийн баяраар ганцаархнаа байж байгаад үхлийг сонгосон байдаг. Тэрээр сүүлчийнхээ бэлгийг аав, ээждээ өгөөгүй. Харин зураг, саагаар чимэглэсэн бяцхан дугтуйд захидал бичиж багшдаа өгсөн гэдэг. Тэгэхээр тэр хүүгийн ертөнц төрүүлсэн аав ээж нь биш харин сургууль нь байж. Аав ээж нь ганц хүүдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өгөх завгүй байсан бололтой юм.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 13 настай охин амиа хорлосон. Аав нь төрийн албанд томоохон алба хашдаг нэгэн. Охиноо өмсч зүүх, идэж уухаар дутаалгүй өсгөсөн гэдэг. Эрх танхи тэр охин "Миний найзыг гомдоовол хохь нь шүү" гэсэн мессежийг утсан дээрээ үлдээгээд амиа хорлосон байдаг. Энэ хэргийн дараахан нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин амиа хорлосон. Бас л чинээлэг айлын танхи охин. Дурлал нь бүтэлгүйтэж ганцаардахдаа амиа хорлосон гэнэ. Амиа хорлох сонголт хийсэн хүүхдүүд түрхэн зуурын ганцаардлыг даваад гарах сэтгэл зүйн бэлтгэлгүй өсөж байж.
ХҮҮХДЭДЭЭ ЗАВ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХОЛБОЖ ӨГ
Ийм зөвлөгөөг сэтгэлзүйчид болон цагдаагийнхан өгч байна. Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарч, сэтгэл санаа нь ямар байгаа талаар ярилцаж байхыг зөвлөсөн юм.
Сэтгэл зүйчид амиа хорлож байгаа хүмүүсийг биш ийм сонголт хийх сэдэл өгч байгаа ойр орчмынхныг нь судлах ёстойг зөвлөж байсан. Хүмүүс ихэвчлэн бүтэлгүй дурлал, өр, гэр бүлийн маргаан, нэгнийгээ гомдоосноос үүдэж амиа хорлодог аж. Сэтгэл зүй нь дарамттай байх үед ойр орчмынхон нь, эсвэл үзэж байгаа кино, уншиж буй ном нь амиа хорлох сонголт хийх сэдэл өгдөг гэнэ. Сэтгэл нь тогтворгүй, ганцаардаж байх үед нь эерэг яриа өрнүүлэх хүн зайлшгүй хэрэгтэй байдаг аж. Тийм үед нь эцэг эхчүүд, ойр тойрныхон нь тусалж чадахгүй бол сэтгэл зүйчтэй холбож өгөхийг зөвлөж байна. Японд газар хөдлөлт, цунамигаас болж амиа хорлолт өссөн аж. Гамшгаас болж олон иргэн орон гэргүй, санхүүгийн хүнд байдалд орсон нь амиа хорлолт өсөх шалтгаан болсныг тогтоожээ. Тиймээс нэг гудамжинд хэд хэдэн сэтгэл зүйн төв байгуулсан байна. Иргэд зовлонгоо сэтгэл зүйчид уудалж тайвширснаар тэнэг сонголт хийхээс татгалзаж байгааг хуулийнхан анзаарчээ. Үүнтэй адил сэтгэлзүйчтэй ярилцаж, хүүхдүүдийгээ тэдэнтэй холбож өгөх нь зөв гэх хүмүүс байсан.
1 Сэтгэгдэл NO: