Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Ирээдүйн од - Цэлмүүн - Балхжавын бэр

Зуун дамнасан хүүхдийн хэвлэл "Сурагч" сонины энэ жилийн шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Ярилцлаганы маань зочиноор "Universe Best Songs" гадаад дууны тэмцээний тэргүүн байрны шагналт Ч.Цэлмүүн уригдлаа. Түүнтэй хүсэл мөрөөдлөөр цалигсан хүүхэд насных нь тухай ярилцсан юм. Тэрээр 3 настайдаа 1-р ангид орж суралцсан бөгөөд өдгөө 18 настай 3-р курсын оюутан. Хүүхэд зан нь эвдрээгүй энэ охины монголын урлаг болон нийгэмд ихийг хийх тэр агуу мөрөөдлүүд нь заавал биелээсээ гэж хүсч байна. Цэлмүүн маань багаасаа л дуунд дуртай, ямар сайндаа "fm" гэсэн хочтой болохов дээ. Тэрээр юугаа ч нуулгүй нээлттэй бүх асуултанд төвөггүйхэн хөөрхөн инээгээд хариулж байсан нь надад их өндөр сэтгэгдэл төрүүлсэн шүү. Зөв энергитэй хүнийг олон хүн тойрдог юмаа гэж хэлсэн ухаалаг охин манай сонинд юу гэж нууцхан шивнэснийг сонирхоцгооё.

Сурв:-Сайн байн уу? Юуны өмнө Цэлмүүн манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Ц:- "Сурагч" сонины уншигч дүү нартаа энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Чинзориг овогтой Цэлмүүн гэдэг. 1991 оны 11 сарын 23-нд төрсөн. 18 настай. MIU д биотехнологич мэргэжлээр суралцдаг. Одоо төгсөх 3-р курсын оюутан.
Сурв:- 18 настай байж 3-р курс гэхээр хэдэн настайдаа анх сургуульд орсон юм бэ?
Ц:- Миний хувьд 3 настайдаа "Ямаха" төгөлдөр хуурын сургуульд орж суралцсан. Ингэж анх урлагийн гараагаа эхлэж байсан гэж хэлж болно. Дараа нь "Эрэл" дунд сургуульд суралцаж байгаад "Саруул-Ирээдүй" сургуульд элсэн суралцсан.
Сурв:-Таны үеийн хүүхдүүд 7 настайдаа сургуульд суралцдаг байсан шүү дээ. Таны хувьд үеийн хүүхдүүдээсээ түрүүлж сургуульд орсон болохоор хэцүү байсан уу?
Ц:- Сайн санадаггүй юмаа. Аав намайг хөтлөөд л дагуулж явдаг байсан. Наснаасаа түрүүлж орсон болохоор хэцүү зүйлүүд байсан. Тоглоход хүртэл 4 насаар ах, эгч хүмүүс арай хатуу байсан. Одоо эргээд бодохоор ганцхан нот уншиж чадахгүй уйлдаг байснаа санахаар инээдэмтэй байдаг юм. Хамгийн анх төгөлдөр хуур заалгаж дараа нь бөмбөрийг 3 жилийн турш оролдсон. Одоогоор морин хуурыг дөнгөж анхан шатанд нь суралцаж байгаа.
Сурв:-Яагаад хөгжимд ийм дуртай, хайртай болов оо?
Ц:- Би урлагт их хайртай. Манай аав урлагийн хүн биш ч гэсэн дуу хөгжимд их дуртай. Нилээд олон хөгжим сайн тоглож мөн дуулдаг хүн байдаг. Магадгүй аавынхаа хажууд байсаар байгаад сурах хүсэлтэй болсон байх.
Сурв:- Танай гэр бүлийнхэн ямар хүмүүс байдаг вэ?
Ц:- Ээж, аав маань шинжлэх ухааны салбарын хүмүүс байдаг. Ээж шүдний эмч, аав маань цөмийн анагаах ухааны эмч мэргэжилтэй. Аав одоогоор "Имманүэл" чуулганд пастор хийдэг. Ээж ЭМШУИС-ийн докторантур, магистрийн албаны дарга хийдэг.
Сурв:- Та хэр шүтлэгтэй вэ?
Ц:- Би болон манай гэр бүл, хамаатан садан христ итгэлтэй.
Сурв:- Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
Ц:- Яг урлагийн хүн байхгүй. Манай эмээ залуудаа уран хугаралт агаарын гимнастикч байсан.
Сурв:- Өөрөөс чинь нэг юм тодруулж асуумаар санагдаад байна. Таныг "Universe Best Songs" гадаад дууны тэмцээнд оролцож байх явцад МУАЖ Ухнаа гуайн ач, Kiwi хамтлагийн Номуунаагийн дүү гэсэн яриа тараад байсан шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?
Ц:- Үнэнийг хэлэхэд би Ухнаа гуайг танихгүй. "Universe Best Songs" тэмцээнд оролцсноор Ухнаа гуайтай анх танилцаж байсан. Тэмцээний дундуур ийм яриа гарсныг би мэдсэн. Ямар хүн нь намайг мэдэхгүй байж миний талаар яриа гаргасныг ойлгохгүй л байна.
Сурв:- "Universe Best Songs"-ийн сүлд дуу болох "Цэнхэр дэлхий" хэмээх дуу гарснаас хойш ялагч нь тодорхой болсон. Цэлмүүн арын хаалгаар авчлаа гэсэн яриа чих дэлсэж байсан шүү дээ?
Ц:- Ёстой мэдэхгүй байна. Миний хувьд өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Өөртөө итгэл муутай байсан. Хүмүүсийн нүдэн дээр өдөр бүр явагдсан тэмцээн шүү дээ. Миний олон сар цаг заваа зориулан байж хичээж хөдөлмөрлөсөн зүйлийг аягүй амархан хялбарчлаад Цэлмүүн энэ тэмцээнийг арын хаалагдаад түрүүлчлээ гэсэн яриаг интернэтээс уншаад сэтгэлээр унаад уйлсан. Яах гэж энэ тэмцээнд оров доо гэж шантрах үе ч гэсэн байсан. Хүмүүс хэдий тэгэж ярьж байгаа ч тодорхой хэсэг хүмүүс намайг дэмждэгт баярлаж урам авдаг. "Цэнхэр дэлхий" дууг 25 оролцогчид маань бүгдээрээ адилхан хувиарлаж дуулсан. Энэ дууг Дашка ах биднийг нэг нэгээр нь дуулуулаад хэнийг аль хэсэгт дуулуулах вэ гэдгээ тэмдэглээд байсан. Бид нар өөрсдийгөө аль хэсэгт дуулахаа хэн нь юу ч мэдээгүй. Угаасаа хүний хоолойд тохирох дуу ч бий, тохирохгүй дуу ч байдаг. Цаанаасаа тохируулсан болохоор надад арын хаалга бол байхгүй ээ.
Сурв:- Ярилцлагаа анх таныг "Universe Best Songs" тэмцээнд оролцож байсан талаар үргэлжлүүлье!
Ц:- Би энэ жил Солонгос улсын Сөүлийн их сургуульд мэргэжлээрээ дадлагаа хийгээд ирсэн. Тэр үед цагаан сар болж байсан. Уг тэмцээний бүртгэл тухайн үед явагдаж байсан. Манай найзууд чи ороод үзээч гэсэн санал тавьсан. Эхний үед би чухалчилж авч үзээгүй. Яг сүүлийн өдрийг нь тулгаад ээжтэйгээ хамт очиж бүртгүүлсэн. Хамгийн анхны цугларалт дээр бүгдийг нь танилцуулаад зогсож байхад би их айсан. Яагаад гэхээр тэр том зааланд 400 гаруй хүмүүсийн дунд шалгуулаад зогссон болохоор их сандарсан. Ийм олон хүнээс өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй. Ийм олон массыг хараад хүн сүрддэг юм байна лээ. Би 6 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл гадагшаа явах ажилтай байсан. Энэ тэмцээнд ороод эхний шатуудад хасагдахгүй тэнцээд л яваад байсан. Гала концерт 6 сарын 18-нд байсан болохоор гадагшаа явахаа болиод тэмцээнээ үргэлжлүүлэхээр шийдсэн.
Сурв:- Өөртөө тийм итгэлгүй байсан гэж үү?
Ц:- Ер нь бол тийм. Ганцхан би ч биш байх л даа. Маш олон оролцогчид маань айж байсан байх. Би эхний шатандаа халуураад сэтгэлдээ хүртэл дуулж чадаагүй ээ. Гэхдээ л тэнцчихсэн.
Сурв:- Цэлмүүн хэдэн хэл мэддэг вэ?
Ц:- Англи, орос хэлтэй ба солонгос, япон хэл гадарлана.
Сурв:- Танайх гадаадад амьдардаг байсан уу?
Ц:- Үгүй үгүй. Гэртээ англиар ярьдаг болохоос биш монголдоо л амьдардаг.
Сурв:- "Universe Best Songs" дууны тэмцээнд хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Ц:- Тэмцээний туршид англи хэлээр дуулж оролцсон. Англиар дуулахад надад их тохиромжтой, амар байдаг юм. Уг тэмцээний 1-р шатанд оролцохдоо би өвчтэй байсан болохоор 2-р шатандаа өөрийгөө илүү их дайчилж мөн дууны сонголтууд дээрээ анхаарч эхэлсэн. 3-р шатнаас эхлээд миний хоолой өвдөөд нэлээн сөөнгө дуулж байгаад 4-р шатанд бүүр паг болсон. 4-р шатнаас эхлээд би дуулахгүй гаръя гэсэн боловч шүүгчид зөвшөөрөөгүй дуулах хэрэгтэй болсон. Тухайн үед санасанаас илүү сайн дуулсан шүү. Хасагдах байх гэж бодсон боловч шилдэг 25-д багтсан.
Сурв:- Шилдэг 25 оролцогчоос таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байв аа?
Ц:- Би Солонго эгчийг л ялах байх гэж бодож байсан.
Сурв:- "Universe Best Songs"-ийн шагналын сан өндөр шүү дээ. Цэлмүүн гар дээрээ яг ямар ямар шагнал авсан бэ?
Ц:- Би а мьдралдаа тийм олон шагнал авч үзээгүй. Зурагтаар хүмүүс шагнал авахаар ямар гоё юм бэ, би ингэж шагнал авах юмсан гэж боддог байсан. Надад хүмүүс Цэлмүүнээ тэмцээн уралдаан том том шагнал амлачихаад өгдөггүй шүү. Хэдэн саяыг өгнө гэчээд өгдөггүй худлаа байдаг юмаа гэж хэлсэн. Тэр үед гайхаад тийм үү? гээд л өнгөрсөн. Харин UBS телевизийн хамт олон өгнө гэсэн шагналаа бүгдийг нь өгсөн. Mobicom корпорациас Notebook+3,5G модем, Citynight сэтгүүлийн cover дээр гарах эрх, Be брэндийн шинэ дугаар, хоёр сая төгрөг, клип дуу үнэгүй хийлгэх эрх, "Зоос" банкнаас мастер карт, CD player бэлэглэсэн. Би бүх шагналаа ямар ч дутуу зүйлгүй авсан. Надад үнэхээр гоё байсан. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй байх аа.
Сурв:- Цэлмүүнээ та айлын хэддэх хүүхэд вэ? Өөртэй чинь ярилцахад их эрх юм шиг санагдлаа?
Ц:- Хүмүүс намайг эрх гээд байдаг юмаа. Би яагаад тэгдгийг нь мэдэхгүй байна. Магадгүй хацар хонхойхоор тэгэж санагддаг байх. Миний хувьд нилээн хатуу аав ээжийн хүмүүжлээр өссөн. Би нэг ах, эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин.
Сурв:- Багадаа ямар хүүхэд байсан бэ?
Ц:- Хөдөлгөөнтэй, сэргэлэн, хүнтэй амархан учраа олчихдог хүүхэд байсан. Ээж аавын найзуудыг хүүхэд шиг болтол нь тоглодог байсан. Одоо байгаагаасаа илүү овсгоотой, хэнэггүй, хэрэг тарьдаг байнга загнуулж явдаг үгэнд ордоггүй л охин байсан даа.
Сурв:- Сурагчийн ширээнээс хөндийрөөд хэсэг хугацаа өнгөрчлөө. Сурагч байсан үеэ одоо нэг дурсвал?
Ц:- Би "Эрэл" дунд сургуульд илүү удаан сурсан. Тухайн үедээ амьдрал минь тоглоомоор дүүрэн л гэж боддог байсан. Завсарлагаан болвол ноцолдож тоглоод л. Манай ангийнхан их хөгжилтэй мөртлөө бусад бүлгүүдээсээ хамгийн даруухан нь байсан. Орос сургууль монгол сургуулийг бодвол тоог толгойгоороо бус тооны машин ашиглуулж бодуулдаг. Бид хэд шалгалтын үеэр партан доогуураа гар утсаа хийгээд тоогоо бодно. Багш мэдээд босгох гэвэл формондоо нуугаад эвтэйхэн аргалчихдаг байсан шүү. (инээв)
Сурв:- Аль хичээлдээ илүү сайн байсан бэ?
Ц:- Би биологи, географид хичээлдээ дуртай. 5-р ангиасаа эхлэж сайн сурлагатны тоонд орсон.
Сурв:- Өөр ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байсан уу?
Ц:- Би өөрөө зураг зурах дуртай болохоор зургийн уралдаанд их оролцдог байсан. Сагсны тэмцээнд ороод мөнгө хүрэл медальтай. Найрамдлын харшийн ёолкноос алт мөнгөн медальтай. 2008 онд "Монголын оюутан мисс"-д оролцоод тэргүүн байр авсан.
Сурв:- Загвар өмсдөг байсан юм уу?
Ц:- Богинохон хугацаанд "Шилмэл загвар"-т явсан. Загвар бол миний хийх ёстой зүйл биш байсан учир би загвараас аяандаа хөндийрсөн. Хүмүүс намайг өндөр, бандгар том охин гэж боддог юм шиг байна лээ. Үнэндээ би их жижигхэн туранхай шүү дээ.
Сурв:- Хүн бүр л мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Таны хувьд дотроо юу мөрөөдөж ямар хүн болохыг тэмүүлдэг вэ?
Ц:- Миний хамгийн том мөрөөдөл бол дайчин хүчирхэг нэгэн болохыг хүсдэг. Нийгэмд эмэгтэйчүүдийг байлдан дагуулж өөрчлөлтийг хийхийг мөрөөддөг. Аав, ээжээсээ сайн сайхан болгоныг сурдаг. Би биотехнологич мэргэжлээр суралцаж байгаа болохоор монголынхоо шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийх,хөгжүүлэхийг боддог.
Сурв:- Цэлмүүн одоогоор бие даасан уран бүтээлийн ажилдаа орсон уу?
Ц:- Яг одоогоор эхлэж амжихгүй л байна. "Зүрхэнд гэрэлтэх од" кино дууссан хойно нэг сайхан амьсгаа аваад уран бүтээлдээ орно доо.
Сурв:- Ер нь продюсерууд хамтарч ажиллах санал тавьж байна уу? Продюсерууддаа ямар шалгавар тавьж байна даа?
Ц:- Тодорхой хэмжээгээр саналууд ирсэн. Дөнгөж урлагийн үүдээр шагайгаад урлаг ийм байдаг юм байна гэж ойлгож эхлэж байгаа болохоор хөдлөхдөө яармааргүй байна. Шалгавар гээд байх юм байхгүй ээ. Хамгийн гол нь намайг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгохгүй, харин хамтран ажиллаж намайг Цэлмүүн хэвээр нь байлгаж хөгжүүлж чадах хүн л хэрэгтэй.
Сурв:-Урын сандаа дуу нэмж байна уу?
Ц:- "Зүрхэнд гэрэлтэх од" киноны sound track бол миний анхны уран бүтээл. Анхны уран бүтээл минь ч гэсэн миний дуулах стилийг төлөөлж гаргаж чадаагүй ч миний хувьд үнэ цэнэтэй дуу байгаа. Үгийг нь манай тэмцээний хөтлөгч Одгэрэл, аяыг нь Балхжав ах зохиосон. Өөр бас нэг дууг цоо шинэ дуучинтай хамтарч хийсэн байгаа. Киноны дараа цацах бодолтой, одоохондоо нууц байгаа.
Сурв:- Таны үеийн эмэгтэй дуучид харьцангуй ихсэж байна шүү дээ. Тэднээс юугаараа онцлог байя гэж бодож байна?
Ц:- Дуу гэдэг дотроо олон урсгалтай. Хип хоп, поп, рок, R&B, зэрэг олон урсгал байдаг. Би өөрийгөө поп R&B дуулвал илүү тохиромжтой гэж боддог. Ганцхан монгол дуу гаргаад байхгүй англи дуу дуулна гэж боддог. Үүгээрээ монголын урлагыг хэзээ нэгэн цагт гадагшаа таниулж мэдрүүлэхийг хүсдэг.
Сурв:- Англи дуу гаргана гэхээр шүлгээ ямар уран бүтээлчидтэй хамтрах вэ? Монголд төдийлөн англиар дууны шүлэг бичээд байдаг хүн ховор шүү дээ?
Ц:- Туслах хүмүүс байгаа. Миний гэр бүл болон найз нөхөд англи хэлдээ гайгүй. Гэхдээ англиар шүлэг зохионо гэдэг тийм ч амар ажил биш байх л даа. Би дөнгөж урлагт ороод англи дуу хийнэ гэсэн үг биш л дээ. Аажимдаа өөрөө ч англиар шүлэг бичих санаа байгаа. Гэхдээ чадах чадахгүйгээ мэдэхгүй байна. Завтай болохоороо үзээд алдана даа.
Сурв:- Эцэг эхчүүд охиноо урлагт оруулах дургүй байдаг шүү дээ. Мэдээж таны хувьд эцэг эхтэйгээ зөвлөлдөж байж шийдвэрээ гаргасан байх. Ээж аав чинь юу гэж, захиж зөвлөж байна вэ?
Ц:- Баярлалаа. үнэхээр гоё асуулт байна. Би урлагт хайртай. Тодорхой хэмжээгээр урлагаас салж чадахгүй. Манай гэр бүлийнхэн урлаг гэхээсээ илүү олон талын боловсрол ба төлөвшил дээр анхаардаг. Урлаг бол бидний амьдралын зөвхөн нэг хэсэг. Хүн олон талын авьяас мэдлэгтэй байх хэрэгтэй. Охиныхоо сонирхолыг хүндлээд урлагт хөл тавихыг зөвшөөрсөн. Нилээн удаан хугацаанд зөвлөлдсөн. Манай гэр бүлийнхэн надад өөрийн үнэт зүйлс, ёс суртахуунаа сахиж явахыг захидаг. Урлаг үнэхээр том, тэр чинээгээрээ хатуу, өрсөлдөөнтэй байдаг. Аль болох бусдын жишгээр биш, харин өөртөө тодорхой хил хязгаар тогтоох хэрэгтэй." гэх мэт зүйлсийг хэлдэг.
Сурв:- Цэлмүүн хэдийнэ олны хараанд өртсөн уран бүтээлч. Магадгүй чамаас үлгэр жишээ авч байгаа хүүхдүүд ч байгаа. Гадаад төрхөндөө хэрхэн анхаарч байна даа?
Ц:- Мэдээж гаднах төрхөндөө зохих анхаарал халамж тавьдаг, гэхдээ мэдээж гаднах үзэмжээс илүүтэй сэтгэлийн үзэсгэлэн ба төлөвшлийг чухалчилдаг. Үнэхээр баярладаг зүйл нь гэвэл намайг хүүхэд багачууд маань гоёоор хүлээж авдаг. Наад зах нь гэхэд манай дүүгийн ангийн хүүхдүүд дүүгээр маань дамжуулж хөөрхөн захиа явуулдаг. Бусдад үлгэр дууриал байхын тулд аль болох өөрөө өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Хүмүүсд зааж сургахаасаа илүү эхлээд өөр дээлээ ажиллах хэрэгтэй. Тэгвэл тэр хүнээс бусад хүмүүс өөрийн эрхгүй зөв дууриалал авч тухайн хүнийг хүндлэж эхлэнэ. Би өөрөө өөрөөрөө л байх дуртай эрх чөлөөтэй охин.
Сурв:- Одоо автобусанд сууж байна уу? Эсвэл олны танил болсон чинь таксидаад байна уу?
Ц:- Би Цэлмүүн хэвээрээ л байгаа. Урьд нь юу хэрэглэж, юунд суудаг байсан тэр л хэвээрээ байгаа. Би хичээлдээ болон ийш тийшээявахдаа аав ээж, ахаараа хүргүүлдэг. Тэд завгүй бол такси, автобус, микрондоо гээд бүгдэнд нь суугаад явдаг даа. Таньдаг ч хүн байна, танихгүй ч хүн байна. Таньдаг нэг нь автобусанд суухаар нөгөө "Universe Best Songs"-ийн Цэлмүүн явж байна. Энэ автобусанд суугаад байхдаа яадаг юм гэдэг. Би энэ бүхнийг сонссон ч сонсоогүй юм шиг явдаг. Яагаад нэг тэмцээнд түрүүллээ гээд автобусанд сууж болохгүй гэж. Хүний л хэрэгцээ шүү дээ. Заримдаа би алхаж явдаг. Би гадуур гангалаад яваад байдаггүй. Яг л байгаагаараа өөрийнхөө стилээр хувцасладаг. Хүн бүхэнд би таалагдах албагүй шүү дээ.
Сурв:- Гадуур явахад хүмүүсийн хандлага хэр байна даа?
Ц:- Янз янз. Миний үсэнд бохь наасан ч удаа байгаа. Надад эвгүй л санагдсан. Манай монголын хүүхдүүд арай ч дээ. Ийм болсон гэж үү л гэж бодсон. Гэхдээ би энэнд муу юм санаагүй. Монголын ирээдүй бид л үүнийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг боддог. Хүүхэд багачуудынхаа ёс суртахууны асуудал дээр бид анхаарах ёстой. Үргэлж ийм байж болохгүй шүү дээ. Хүмүүс намайг магтах үе ч бий, муулах үе ч байдаг. Хүн ер нь зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож байж ухаажиж амжилтанд хүрдэг юм болов уу гэж боддог.
Сурв:- Таныг дуулах хүсэл тэмүүлэлтэй болоход юу гол нөлөө үзүүлэв ээ?
Ц:- Би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд дуулаад эхэлсэн. Манай найзууд намайг "FM" гэж дууддаг. Ингэж дуудуулахыг бодоход ам дуугүй байдаггүй үргэлж дуу аялаж явдаг нь ойлгомжтой байх аа. Гэрийнхэн хаалгаар гараад ганцаараа л үлдсэн бол CD тавиад гэрээ цэвэрлээд дуулж өгнө дөө. өвлийн хүйтэнд аймар даарсан ч гэсэн дуу аялаад л явдаг. Дуу гэдэг бол миний нэг хэсэг болчихсон юм шиг байгаа юмаа.
Сурв:- Таньтай хамтарч уран бүтээл хийх санал хамтлаг дуучдаас ирж байна уу?
Ц:- Ирсэн. Эхлээд өөрийнхөө уран бүтээлийг гаргачаад өөр хамтлаг дуучидтай хамтарч ажиллахгүй бол дөнгөж гарч ирээд уран бүтээлчидтэй цуг дуулвал Цэлмүүн тодорхой бус уран бүтээлч болох болов уу гэж бодож байна.
Сурв:- "Зүрхэнд гэрэлтэх од" киноны талаар, ямар дүр бүтээсэн бэ?
Ц:- Гол дөрвөн дүрийн нэгийг нь бүтээсэн. Хамгийн гоё нь өөрсдийн нэрээрээ тоглосон байгаа. Тэмүжин ах, Солонго, Даваажаргал бид дөрөв тоглосон. UBS телевизийнхэн тэмцээн эхлэснээс хойш шилдэг 25 оролцогчдын хувь хүн талаас нь их судалсан байсан. Бид юу ч мэдээгүй. Уг киног бидэн дээр тулгуурлаж хийсэн. 25 оролцогчид маань 25 өөр дүр гаргаж байгаа нь энэ киноны зорилго юм болов уу.
Сурв:- Таньд реклам, клип, кинонд тоглох санал ирж байна уу?
Ц:- Мэр сэр рекламны санал ирж байгаа. Кино, клипэнд тоглох санал бол ирээгүй цаашид яахыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан ойрын хугацаанд ирвэл тоглохгүй гэсэн бодол байгаа. Хичээлээ хийхгүй бол кино, тэмцээн гээд хичээлээсээ жаахан хөндийрчихлөө. Ер нь рекламанд тоглох эвгүй юм байна лээ. Юм үзэж байхад гэнэт дэлгэц дүүрэн миний нүүр. Тэгэхээр их санаа зовоод хааяа ичдэг юм.
Сурв:- Цаашид реклам, кинонд тоглоод байж болмоор байгаа биз дээ. Гоё биш байна уу?
Ц:- (инээв). Ээ мэдэхгүй. Хичнээн ийм юманд тоглох гоё ч гэсэн гоё сайхан юм болгон амьдралд хэрэгтэй байдаггүй. Хааяа гоё юмнаас татгалзах шаардлагатай. Түүнтэй адил би хааяа хааяа гайгүй юманд тоглох бодолтой байгаа.
Сурв:- Уг тэмцээнд оролцсоноос хойш таны амьдралд хэр их өөрчлөлт гарч ирэв ээ?
Ц:- Хувь хүн бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ хүмүүсийн надтай харьцаж байгаа хандлага нэлээн өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл сургууль дээр зүгээр л "Сайн уу? Юу байна даа" гэж мэндэлдэг байсан хүүхдүүд надаас эмээгээд ч байгаа юм шиг зайгаа аваад хажуугаар зөрөхдөө хараагүй юм шиг өөр тийшээ харна эсвэл доошоо хардаг болсон. Үүнийг би ойлгож чадахгүй л байна. Муу, сайн өөрчлөлт гарсан ч би бол өөрөөрөө л хэвээрээ байна шүү дээ.(инээв)
Сурв:- Чөлөөт цаг хэр их гарч байна даа?
Ц:- Бараг гарахгүй байна.Уг нь ажил амьдрал хосрыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй.
Сурв:- Бие даасан анхны цомгоо хэзээ гаргая гэж бодож байна?
Ц:- Цомог, дуу хийнэ гэдэг бол тийм ч амархан санаагаар болдог зүйл биш. Маш олон хүний багийн хөдөлмөр, санхүү хэрэгтэй байдгийг ойлгосон. Би тийм амархан дуу гаргаад байж чадахгүй. чадлынхаа хэрээр уран бүтээлээ хийнэ. Нэг дуу хийхэд ямар их цаг хугацаа, мөнгө төгрөг ордгийг би ойлгоогүй явсан юм байна лээ.
Сурв:- Хөвгүүд хэр их танилцъя, найз болъё гэж мессеж бичиж байна вэ?
Ц:- Харьцангуй гайгүй ээ. Нээх ирээд байдаггүй юмаа. Зарим үед ганц хоёр л ирдэг юм.
Сурв:- Аан. Найз залуутай юм уу?
Ц:- Байхгүй. Тэгээд ч би дөнгөж арван наймтай байж найз гээд байх нь эртэдсэн асуудал.
Сурв:- Анхны хайртайгаа учирсан л биз дээ?
Ц:- Би 10 жилд байхдаа 4 жил нэг хөвгүүнийг харж явдаг байсан.
Сурв:- Нууц биш бол анхны үнсэлтийнхээ талаар...?
Ц:- Үнсүүлж үзээгүй ээ.
Сурв:- Таныг юу гэж хочилдог вэ?
Ц:- Гайгүйгээс нь гэвэл янзага л юм даа.
Сурв:- Сүүлийн асуулт. Таны ойрын төлөвлөгөө, хэтийн зорилго...?
Ц:- Ойрын төлөвлөгөө гэвэл бүх юм намжсаны дараа нэг сайн амьсгаа аваад хичээлээ сайн хийнэ. Яагаад гэхээр би төгсөх дөхөж байна. Хичээлийнхээ завсар зайгаар уран бүтээлээ хийнэ. Хэтийн зорилго гэвэл Монгол үндэстэнээ хүчрэгжүүлэх..... ярилцлагаас
Бажи and Цэлмүүн - Хол зай
Цэлмүүн - Хайрын Бурхан
Tselmuun - Night thought
Өлзий & Цэлмүүн- Бид нэг мөрөөдөлтэй
Маралжингоо, Энхзол, Цэлмүүн, Уянга - Би Эр Хүнд Хайртай
Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од OST
The Universe Best Songs Цэлмүүн "Christina Aguillera - Beautiful"
ВХ,Тэнүүн,Маралжингоо,Цэлмүүн - Дээшээ
0 Сэтгэгдэл NO: