Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Г.Пүрэвдорж: Хөгжим, кофе хоёр намайг босгодог юм
Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч ГэсэржавынПүрэвдоржтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 21-нд уранбүтээлийн анхны тоглолтоо хийх гэж байгаа юм.-Та 30 орчим жил уран бүтээлээ хийж байгаа хүн. Гэтэлодоог хүртэл нэг ч тоглолт хийгээгүй явжээ?
-Харин тийм. Хүмүүсийн тоглолтод л оролцоно уу гэхээс өөрөө ингэж явж байгаагүй юм байна. Яасан ч их ажилтай байдаг юм. Өмнө нь тоглолт хийе гэж огт бодож байгаагүй юм билээ. Сүүлд л уран бүтээлээрээ нэг тоглолт хийвэл яадаг юм бол гэж бодсон. Найз нөхөд ч хэлдэг юм байна лээ. Одоо болох тоглолтод маань рок попын ихэнх уран бүтээлчид оролцохоор болсон. Сараа, Ариунаагаас эхлээд шинэ залуу уран бүтээлчид оролцох гэж байна. Би чинь 1980 онд сургуулиа төгссөн. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 10 жил багшилсан юм. Бие дааж уран бүтээл хийхийн тухайд 1985 оноос эхэлж дээ.
-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байсан гэдгийг мэдэх юм байна?
-Яах аргагүй тийм шүү. "Шинэ өглөө", "Тавтай нойрсоорой", "Түүдэг гал" зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. Мөн "Улаанбаатарын үдэш" байна. Би "Улаанбаатарын үдэш"-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд шүү дээ. Одоо тоглолтдоо урих хүндтэй зочныхоо тоонд нутгийн зөвлөлийн даргаа оруулчихсан. Э.Бат-Үүл дарга ирж үзэх байх. "Улаанбаатарын үдэш"-ийг 27 жилийн өмнө зохиож байж. Анх Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулж байсан юм бүү мэд. Одоо болох тоглолтод уран бүтээлчид маань бүгдээрээ нийлээд дуулна даа.
-"Нандин-Эрдэнэ"-ийг бас олон уран бүтээлч дуулсан. Тоглолт дээр хэн дуулах бол?
-Би чинь уг нь хавар тоглолтоо хийхээр төлөвлөчихөөд байсан юм. Тэгсэн чинь сонгуультай давхцах маягтай болчихсон. Тэгэхээр нь хойшлуулчихлаа. Тэр үед Б.Амархүү, С.Сэрчмаа хоёроор "Нандин-Эрдэнэ"-ээ дуулуулъя гэж бодож байсан юм. Харин одоо үе үед дуулж байсан дуучид хосоороо дуулах байх. Анх дуулсан нь Ч.Насантогтох маань шүү дээ.
-Та хаана сургууль төгссөн юм бэ. С.Гончигсумлаа гуай таны багш гэсэн?
-С.Гончигсумлаа багш миний шүтээн. Багшаараа дэндүү их бахархаж явдаг. Сургуулийн тухайд би ОХУ-ын Уралын дээд сургуулийг төгссөн. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа.
-Сургуульд явахаасаа өмнө хөгжимд дурладаг байв уу. Тэр үеийн залуусын жишгээр рок хөгжим сонсдогбайв уу?
-Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болчихоод. Намайг харж байна уу. Би нэг тийм намуухан хүн байгаа биз дээ. Зөөлөн аялгуутай хөгжим илүү тохирох юм билээ. Ихэнх уран бүтээл маань нэг тийм аядуухан бүтээд байх шиг ээ.
-Тийм шүү. "Инээмсэглэл"-д байхдаа зохиосон уран бүтээлүүд тань дандаа уянгын талдаа байсан юмбайна?
-Сургуулиа төгсөж ирээд миний уран бүтээлийн зам эхэлсэн л дээ. Багшлахын зэрэгцээ "Инээмсэглэл" хамтлагтайгаа холбогдсон. Намайг багшилж байх үед "Инээмсэглэл" сургуулиа төгсөөд ирчихсэн ид бужигнуулж байлаа. Тэгээд л тэдэнтэйгээ нийлээд хамтлагт нь орчихсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Гурван жилийн өмнө бид хамтлагийнхаа 30 жилийн ойг тэмдэглээд Соёлын төв өргөөнд тоглосон. Хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.
-"Инээмсэглэл" завсарлачихаар хаана очив?
-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй ээ. 1988 онд "Хөх тэнгэр" хамтлагийг байгуулсан. Тэр үед буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би "Буян"-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л "Хөх тэнгэр"-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Хүмүүс мэдэх байх аа. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг. Н.Ганхуяг, Дашдондог, Цогоо, "Никитон"-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л "Хөх тэнгэр"-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын "Зүүдний говь" бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.
-Цомог гэснээс та цомгоо гаргаж байв уу?
-Огт цомоггүй байж байгаад таван жилийн дотор цомогтой болсон юм. Хүүхдийн дуунуудаараа "Зуслангийн найзууд" гэж гаргасан. Мөн хоёр, гурван жилийн өмнө дуунуудынхаа түүврээр "UB Night" гэж цомог гаргалаа. Дараа нь багаасаа тоглож эхэлсэн юм гээд төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо зохиолчдын бүтээлүүдийг тоглож хоёр ч цомог гаргасан. "Love song" гэдэг нэртэй. Тэгэхэд чинь гадаад нэр моодонд ороод байсан юм. Тэр жишгээр л гадаад нэртэй цомог гаргачихсан. Ингээд би үндсэндээ дөрвөн цомогтой хүн.
-Таны нэг ярилцлагыг уншиж байхад хөгжим миний амьдралын ус, агаар гэсэн байна лээ. Хөгжмөөсөөхол байж үзсэн үү?
-Өнгөрсөн зун л үзлээ. Хөдөө, байгалийн сайханд долоо хоног амарсан. Тэр хугацаанд нэг ч удаа хөгжим тоглоогүй. Түүнээс биш хотод байх юм бол нэг мэдэхэд л гараа хөдөлгөчихсөн сууж байна даа. Амарч ирээд шууд залгаад ажилдаа орсон. Би чинь уран бүтээл хийж эхлээд 30 орчим жил болж байгаа. Түүнээс өмнө ч гэсэн хөгжмийн ард сууж л байдаг байлаа. Хөгжим ёстой нэг амьдралын минь ус, агаар болж байж. Одоо ч болсоор байгаа.
-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байснаас хойш дахин хүүхдүүдэд зориулж уран бүтээл хийсэнүү?
-Зургаа, долоон жилийн өмнө юм уу даа. Дашдондог гуайн зохиолоор "Дэлхий ээжийн төрсөн өдөр" гэдэг хүүхдийн дуурь зохиосон. Дуурийн дуучид хүүхдэд зориулж хийсэн бүтээл. Дайн ба энх, эх дэлхийгээ хайрлах тухай өгүүлдэг юм. Би өөрөө энэ дуурьтаа их дуртай. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.
-Рок попын анхны клип бас таны бүтээл байдаг биз дээ?
-Тийм. 1990-ээд оны эхээр юм уу даа. "Никитон"-ы Баачка "Зоогийн газар"-ыг дуулсан юм. Тэр дууг дүрсжүүлж байлаа.
-"Ривер Саундс" клубт таны хамтлаг тоглолт хийдэг. Хэвээрээ юү?
-Хэвээрээ байна. Манай "Black and White" гэж хамтлаг бий. Тэр хамтлагтайгаа амьд хөгжмийн тоглолт хийдэг юм. 1993 онд байгуулагдсан хамтлаг шүү дээ. Тэр үед нийслэлд амьд хөгжимтэй хамтлаг бараг байдаггүй байсан юм. Тиймээс Энхболд гэж хөгжимд дуртай залуутай хамтраад хэдэн хөгжимчин, дуучин цуглуулаад одоогийн "White house" зочид буудлын хоёр давхарт тоглодог байлаа. Тэрнээс хойш олон ч газар тоглосон доо. Сүүлд "Цаст" констракшны захирал Баярсайхан гэж урлагт элэгтэй залуу "Ривер Саундс"-ыг нээсэн.
Түүнээс хойш 13 жил эндээ тоглож байна даа. "White and Black"-аас мөн л сайн дуучид төрсөн. Сэрчмаа, Наран, хийлч Дээгийгээс эхлээд. Би хамтлагтаа одоо хүртэл тоглосоор байгаа. Бид нар даваа, баасан, бямба гаригуудад тоглолттой байдаг юм.
-Тоглолт хийгээд дажгүй цалин авчихна биз?
-Цалингийн талаар чамд хэлэхэд ичмээр дамшиг даа. Гол нь би чөлөөт цагаа дуучидтайгаа, залуустайгаа, хөгжимтэйгээ өнгөрүүлмээр байна ш дээ. Дээрээс нь бид "Ривер Саундс"-т дан тоглоод байхаасаа гадна эндээ өдрийн цагаар бэлтгэлээ хийчихнэ. Бас эндээ уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийчихнэ.
-Та өөрийнхөө зохиосон дууг дуулж үзсэн үү. Тоглолт дээрээ тийм гэнэтийн бэлэг барих юм биш биз?
-За тэр чинь ганц чаддаггүй юм. Уг нь сайхан дуулдаг бол гэж боддог л юм. Даанч авьяасгүй.
-Таныг жинхэнэ кофечин гэж сонссон?
-Кофег харин ч нэг ууна аа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа кофены газруудыг даанч нэг андахгүй дээ. Бүгдээрээ намайг таньдаг болчихсон. Зарим хүмүүс надаас хаанахын кофе гоё вэ гэж асууна. Олон жил ууж байгаа болохоор "Улаанбаатар"-ынх дажгүй байдаг юм. Өөр тэгээд гоё, гоё газрууд зөндөө л бий болж байна. Кофены амт чинь цай шиг чанаж байгаа хүнийхээ гараас бас их шалтгаална аа.
-Нэг ёсондоо таны хобби юм аа даа?
-Хобби гэхээсэээ илүүтэй амьдрал минь болчихсон шүү дээ. Кофегүй бол ёстой байж чадахгүй. Хөгжим, кофе хоёр нийлж байж намайг босгож байгаа юм даа. Кофегоо хүчит хар гээд нэрлэчихсэн. Өдөрт доод тал нь таван аяга, дээд тал нь арав, арван хоёр аягыг ууна шүү дээ. Ер нь тэгээд сайхан кофе уугаад сууж байхад шинэ бүтээлийн санаа төрнө шүү.
-Таныг "сахал" Пүүжээ гээд байдаг. Сахалгүй л юм байна шүү дээ?
-Сайхан сахал эрийн чимэг гэдэг биз дээ. Залуудаа үсээ, сахлаа ургуулдаг байсан юм. "Хөх тэнгэр" хамтлагтайгаа уран бүтээлээ хийгээд хөдөөгүүр явж байхдаа сахлаа ч авах завгүй явна даа. Тийм үед нэг хүн таараад л "сахал" Пүүжээ гээд нэрлэчихгүй юу. Дунд эргэм насандаа арай багасгасан. Одоо бүр хусдаг болчихлоо. Нэг хэсэг ч сахлаараа имиж хийсээн хийсэн.
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Үр хүүхэд тань хаана, юу хийж байгаа вэ?
-Би чинь хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулж байсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох гээд байх шиг байна шүү. Авьяастай, бас сонирхолтой байх шиг байгаа юм. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.
0 Сэтгэгдэл NO: