Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Хагалгаанд орохоосоо өмнө охиныхоо царайг ганц удаа ч гэсэн хармаар байна

Төд удалгүй 40 орчим насны, намхан нуруутай, хар цүнх барьсан хүн орж ирсэн нь бидний эчнээ танил Гончигдаржаагийн Ариунболд байсан юм. Түүнийг ийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болсны шалтгааныг гадарлаж байсан ч яагаад манай сонинг сонгосныг нь лавлахад Танай сонин дээр гарсан сураггүй болсон охины тухай мэдээ уншсан юм.
Тэгээд надад туслах болов уу гэсэн горьдлого тээгээд ирлээ" гэж горьдлого дүүрэн харцаар биднийг харсан юм. Охинтойгоо хамт авахуулсан зураг, шүүхийн шийдвэр, сонингийн хайчилбар, эмнэлэг, хороо, ажиллаж байсан газруудынх нь тодорхойлолт гээд цөөнгүй баримтыг бидэнд дэлгэж, охиныхоо тухай ярьсан юм. Тэрбээр бие нь өвдөж, ядруухан царайтай байсан ч охиноо олно гэсэн сэтгэлийн маш их хүч, итгэл байсныг энд онцолмоор байна.
Г.Ариунболд Рашцэрэнгийн Оюунцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 27-нд А.Ариунцэцэг гэх хөөрхөн охинтой болж. Үр хүүхэдтэй болж, дэлхий даахгүй баян хүн болон баярлаж, хөөрч байсан Г.Ариунболдын баяр хөөр тийм ч удаан үргэлжилсэнгүй. Учир нь эхнэр Р.Оюунцэцэг нь төрөөд ганцхан cap болж байгаа охиноо аавтай нь орхиод ор сураггүй алга болов. Г.Ариунболдын хагацал зовлон ингэж эхэлжээ. Гэсэн ч тэр шантраагүй, нэг сартай охиноо тэврээд хүнсний 50 дугаар дэлгүүр, МУИС-ийн хажууд ширхгийн тамхи зарсан. Хажуугаар өнгөрөх, тамхи авах хүмүүсийн нэг хэсэг нь өрөвдсөн харцаар харж байхад нөгөө хэсэг нь гайхширч байсан нь мэдээж.
Тэрээр гэрт орж охиныхоо ээж болж, гадаа гарч аав нь болсоор амьдралынхаа таван жилийг ардаа орхисон аж. Энэ хугацаанд Г.Ариунболд үртэй хүний жаргалыг мэдэрсэн. Түүнийг өвдөж, Долоодугаар төвд хэвтэрт байхад нь гуравхан настай охин нь асарч байсан. Босох чадалгүй аавынхаа хөл гарыг арчиж, бяцхан биендээ баймгүй ухааныг гаргасан гэдэг. Энэ тухай Г.Ариунболд ярихдаа "Аав нь өвдөхөөр охин нь сахиж, охиноо өвдөхөөр аав нь сахидаг байлаа" гэж зүрхээ шимшрүүлэн ярьж суусан. Арга ч үгүй дээ, тэр хоёрт зөвхөн тэр хоёр л байсан. Г.Ариунболд тамхи ширхэглэн зарахаас эхлээд орцны жижүүр, цэцэрлэгийн цэвэрлэгч хүртэл хийж, охиноо хүний дайтай болгож өсгөжээ.
Тэрээр ингэж явахдаа охиноо Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт явуулж, өөрөө цэцэрлэгийн гадна талбайг цэвэрлэдэг байсан гэдэг. Нэг өдөр аав охин хоёрт баярт үйл явдал тохиосон нь АЖ Н.Сувд, МУГЖ Ж.Алтанцэцэг нар тэдэнд гэр өгсөн явдал байв. Энэ мэдээг зурагтаар харсан ээж юу ч болоогүй мэт гэртээ эргэж иржээ. Гэтэл Г.Ариунболдын дүү өвчнөөр нас барж, бас нэгэн хагацлыг түүнд амсуулсан байна.Тэр дүүгээ оршуулахын тулд гэрээ зарлаа. Гэтэл эхнэр нь гэнэт орж ирсэн шигээ дахин гэнэт алга болсон байна. Гэсэн ч тэр үртэй хүн баян гэж амьдралын төлөө зүтгэсээр л байж. Гэтэл нэг өдөр аав охин хоёртой гудамжинд таарсан ээж эхнэр Р.Оюунцэцэг охиноо аваад зугтчихсан.
Энэ үйл явдал 2011.05.26-ны өдөр болжээ. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Г.Ариунболд охиноо хайсан. Тэр шүүхэд хандаж, эхнэрээ эрэн сурвалжлуулж, гурван ч удаа шүүх хуралд оролцож. Шүүхээс Р.Оюнцэцэгийг эрэн сурвалжлах ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Учир нь маш олон хаягтай, ямар сайндаа л найман иргэний үнэмлэхтэй байхав дээ. Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 33-214 тоот, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Өлгийгийн 31-392, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, IV хороолол, 70-3 гэх мэтээр Р.Оюунцэцэгийн хаяг үргэлжилнэ. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн Шүүхээс түүнд Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн баруун талын 62 дугаар байранд орцны жижүүр хийгээд, охинтойгоо амьдарч байна, та очиж уулз гэсэн мэдээг дуулгасан байна.
Г.Ариунболд ч баярлаж, 35 мянган төгрөгөөр эхнэр, охин хоёртоо бэлэг аваад очсон ч тэд байсангүй. Хаачсаныг лавлавал хэл ам гаргаад, дөрөв хоногийн өмнө ажлаасаа халагдсан гэснээс өөр сураг гаргаж чадсангүй. Охинтойгоо уулзах гэсэн түүний горьдлого талаар болсон ч тэрээр шантрахгүй хайсаар л байна. Г.Ариунболд автын осолд орж, дунд чөмөггүй болж, төмрөөр орлуулах болсон. Уг нь хөлнийх нь төмрийг гурван жил болоод солих ёстой байдаг ч тэр өөрийгөө биш охиноо бодож явсаар өнөөдрийг хүрчээ. Хөлний төмрөө анх хийлгэснээс хойш найман жил болж байгаа учраас энэ жил зайлшгүй солих шаардлагатай болсон. Тиймээс Г.Ариунболд ирэх сарын 15-нд бидний нэрлэж заншсанаар Шинэ гэмтэлд хагалгаанд орох гэж байгаа.
Гэтэл хамгийн аймшигтай нь түүнийг наркоз даахгүй байх магадлалтай гэж эмч хэлсэн нь охиноо ийнхүү эрчимтэй хайх шалтгаан нь болсон байна. Тэр үхэхээсээ өмнө охиныхоо царайг ганц удаа ч болов харах туйлын хүсэлдээ хөтлөгдөн, наашаа харсан хүн бүхэнд хандаж яваа нь энэ. Г.Ариунболд охиноо зөвхөн хараад өнгөрөхийг хүсээгүй. Тэр охиноо сургуульд ороход нь хэрэглүүлнэ гэж Хадгаламж банкинд зургаан сая төгрөгийг өнөөдрийг хүртэл хуримтлуулсан гэнэ. Ажил хийж олсон цалин, группын мөнгөө бүгдийг охиндоо хадгалсаар өдийг хүрчээ. Бас охиноо олоод цэцэрлэгт явуулна гэж, Баянгол дүүргийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй ярьчихсан байгаа гэсэн.
Бие муутай, эмчилгээ хийлгэх шаардлагатай ч тэр охиныхоо төлөө нэг хормыг ч зүгээр сууж өнгөрөөгөөгүй. Ямар сайндаа л эхнэрээ зөв замд оруулж, охиноо олохсон гэсэндээ өдөр бүр Ганданд очиж залбирч явахав дээ. Тэрээр энэ бүхнийг надад ярихдаа эхнэрээ огтхон ч муулаагүй. Засаад авчихвал сайн хүн юм шүү дээ гэж сэтгэлдээ нууцхан гунигтай өгүүлж суусан. Түүний эцсийн хүсэл нь охиноо харах. Зөвхөн царайг нь харчихвал мэс засалдаа амжилттай ороод зогсохгүй, амьдралын төлөө зүтгэх хүчтэй болж босно. Охинтойгоо хамт амьдарч байхдаа эхнэрээ засч авах туйлын зорилготой байсан бол өнөөдөр охиныхоо царайг харах нь түүний амьдралын гол зорилго болжээ.
Түүний охиныг харсан, хаана байгааг нь мэдэх хэн бүхэн манай сонинтой холбогдож, гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хар нялхаас нь эхлэн охиноо хүн болгохын төлөө хичээн зүтгэсэн нэгэн эцгийн элгийг бага ч гэсэн дэвтээх нинжин сэтгэл уншигч та бүхэнд байгаа гэдэгт гүнээ итгэлтэй байна.
0 Сэтгэгдэл NO: