Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Үхэхдээ гэрээсэлж үлдээсэн НЭГ сая төгрөг

Миний нэг танил сонирхолтой гэх үү, эмгэнэлтэй ч гэмээр юм уу нэгэн хачирхалтай зүйл ярилаа.
Хэдхэн хоногийн өмнө хамаатных нь эмээ нас барчихаж. Ажил явдал ид өрнөж байтал хамаатнуудынх нь дунд эмээгийн гэрээслэлийн тухай яриа өрнөжээ. Талийгаачийнхаа гэрээслэлийг үзээд сэтгэл нь шимширсэн хүмүүс “Арай ч дээ, энэ Монголын төр” гэлцэн бухимдаж байв.
Миний танил ч санааширсан хүмүүсийн нулимстай нүдээр харж зогсох эмээгийн гэрээслэлийг авч хартал “Төрөөс өгнө гэсэн нэг сая төгрөгийг минь аваад хүүд маань өгөөрэй” гэсэн байжээ.
Энэ одоо юу гэсэн үг вэ? Нас дээр гарсан нэгэн эмээ үхэхдээ хэзээ олгох нь мэдэгдэхгүй нэг сая төгрөгийг хамгийн хайртай хүүдээ өвлүүлэхээр гэрээсэлсэн байна гээд бод доо. Хөөрхий эмээгийн хүү нас 50 хүрсэн ч эхнэр, хүүхэдгүй. Хоёр ч удаа амьдрал зохиосон боловч бүтэлгүйтсэн азгүй нэгэн.
Настай хүн гомдож, баярлахдаа амархан гэдэгсэн. Монголын төр, засаг азай буурлуудынхаа ийм эмзэг сэдвээр хүртэл шоу хийж, өөрсдийн нэр хүндийг өсгөдөг болжээ.
УИХ-ын зарим гишүүд “Эрдэнэс Таван толгой”-н иргэн бүрт олгох хувьцааг монголчуудын хувьд өв залгамжлах хамгийн анхны хөрөнгө болж болох юм гэж байна лээ. Тэгвэл тэр олгох гэж ядаад байгаа хувьцаанаас чинь өмнө ахмадууд, байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй бэлэн мөнгөө авна гэж итгэн гэрээслэл үлдээчихсэн байна. Жил дамжиж горьдож суугаад ч нэг сая төгрөгийнхөө барааг харж чадаагүй тэд ядаж үр хүүхэд нь ч гэсэн авчихаасай гэж бодолгүй яах юм бэ.
Хамгийн аймшигтай нь амьд ахуйдаа авч чадаагүй мөнгөний тухай эмээгийн гэрээслэл нас барсных нь дараа ч биелэхгүй бол яана аа. Хөөрхий эмээ төрдөө итгэн гэрээслэл үлдээсэн ч “Нэг сая төгрөг олгож эхлэхээс өмнө нас барсан хүнд Таван толгойн хишиг олгохгүй” гээд л заачихвал яах вэ. Мөнгө өгөхөөс өмнө нас барснаараа эмээгийн хохь болоод үлдэх үү. Бэлэн мөнгө олгож эхлэхээс өмнө хорвоог орхисонд эмээгийн буруу байхгүй шүү дээ.
Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх нь гэж мэдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч Засгийн газар энэ хугацаанд өгч чадсангүй. Товчхондоо хамтарсан Засгийн газрын үед яригдаж эхэлсэн нэг сая төгрөг МАНАН-тайгаа хамт замхарч байх шиг байна.
Гэвч зайлуул, талийгаач эмээ амьд ахуйдаа төр хувь хишгээ хэзээ олгох бол гэж орой бүр зурагтынхаа өмнө чихээ нааж, мэдээний суваг болгоныг сольж суудаг байж. Ажил, хичээлдээ яваад ирж байгаа үр хүүхдүүдээсээ “Нөгөө мөнгөний сураг байна уу, хэзээ өгөх юм бол оо цаадуул чинь” гэж асууж, сураглана. Хааяа хэн нэгэн дарга телевизээр энэ тухай ярихдаа “өгнө” гэхээс цаашгүй. Яг хэзээ олгох гээд байгаа нь мэдэгдэхгүй ч өгөх л юм байна гэсэн бодлыг эмээд төрүүлсэн бололтой. Тиймээс төрөөс өгөх мөнгийг хүлээж цөхөрсөн эмээ арга ядахдаа хайртай хүүдээ “төрийн хишиг”-ээ өгөхөөр гэрээслэл үлдээсэн нь энэ аж.
Яг ийм хүлээлт Монголын бүх ахмад настанд бий.
УИХ-ын гишүүд, дарга нар хөдөө орон нутагт очоод иргэдтэй уулзахад нэг сая төгрөгөө л нэхнэ. Телевизийн нэвтрүүлгээр шууд утас нээхэд нөгөө л мөнгөө нэхдэг, хүлээдэг. Өнөөдөр Монголын төр ахмадуудаа ингэж л хүлээлгэж, үйл тамыг нь үзэж байна. Сүүлдээ тайван ч нүд аньж чадахаа байлаа. Төрөөс өгнө гэсэн мөнгийг маань үхсэний дараа хэн авчих бол, үлдсэн хэдэн хүүхдэд маань өгөлгүй худалч дарга нар өөрсдөө авчих вий дээ. Тэдний ихэнх нь энэ л бодлыг сэтгэлдээ тээдэг болжээ.
Энэ ахмадуудын буруу биш. Тэднийг ингэж шар махтай нь хатаахыг эрх баригч намууд хүссэн гэж үү. Өгч чадахгүй юм бол ингэж туйлширч, азай буурлуудынхаа итгэмтгий зангаар тохуурхах ямар хэрэг байсан юм бол.
Өгвөл хурдхан өгөөд, чадахгүй юм бол үнэнээ хэлэх хэрэгтэй. Хэлэхэд хэцүү байвал сураагүй юм биш дахиад л худлаа хэлчих. Тэр үед ахмадууд мөнгө өгч чадахгүй болсон юм байна гэдгийг ойлгоод ядахдаа “Нэг сая төгрөгийг маань миний хүүд өгөөрэй” гэсэн эмгэнэлтэй гэрээслэл үлдээхгүй. Гэхдээ үүний дараа одоогийн Засгийн газар, парламентын ихэнх гишүүд ирэх сонгуульд шаансгүй болно.
Засгийн газар одоогоор 334 тэрбум төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төсөвт суулгачихаад буй. Гэхдээ энэ мөнгийг олгохын тулд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх шаардлагатай байгаа аж. Тогтоол өөрчлөх асуудлыг сар шинээс өмнө УИХ-ын чуулганаар оруулахаар ярьж байгаа ч хэзээ өөрчлөх нь тодорхойгүй. Тэгэхээр нэг сая төгрөг ахмадуудын гар дээр яг хэзээ очих нь бас л тодорхойгүй болж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээгээр манай улсын нийт хүн амын 7.3 хувийг ахмад настнууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл манай улсын 204.400 ахмад настанд 204.4 тэрбум төгрөг л шаардлагатай.
Энэ бол бусад улс оронтой харьцуулахад хамаагүй бага тоо. Гэтэл Монголын төр шиг ахмадуудаа үл тоомсорлож, хүндэтгэлгүй ханддаг улс орон алга.
2000 оны дундуур ахмад дайчдадаа байр олгоно гэж баахан шуугиан тарьсан. Ганц өрөө байраа авах гэж 10 гаруй жил хөөцөлдсөн ахмадууд холбоо байгуулж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласны эцэст цөөн хэд нь байртай болсон. Ихэнх нь цагийн аясаар нас барсан тул үлдсэн хэдэн ахмад дайчинд яалт ч үгүй байр өгсөн болж билээ. Гэхдээ одоо хэр нь байр авч чадаагүй ахмад дайчид мэр сэр бий.
Саяхан Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлалцсан хүмүүст байр олгохоор болсон. Гэтэл төр нөгөө л эрээ цээргүй зангаараа авирлаж, нас барсан хүмүүст олгохоос татгалзжээ. 20 жилийн өмнө парламентад сууж байсан хүмүүс гэхээр зарим нь цагийн аясаар хорвоог орхих нь ойлгомжтой.
Харин одоо нийт ахмадуудаа Сүхбаатарын талбайд суулгаж байж, нэг сая төгрөгөө өгөх гэсэн юм болов уу гэж гомдоллох настнууд олон байна.
Ахмадуудын сэтгэлийг зовоож буй энэ нэг сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ, УИХ-ын гишүүд ээ. Аягүй бол эрхэм гишүүдийг сар шинээр золголт хийж явахад урдаас чинь нэг сая төгрөгөө нэхэх байх шүү.