Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Мөрөөдөхөд учир бий...

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, агуу уран илтгэгч Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүхний сэтгэлд "оч бадраасан" энэхүү алдарт ишлэлийг (1964 онд Нобелийн шагнал хүртсэн илтгэлийн нэр) хэлсэн байдаг юм.
Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал бий. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон билээ.
Надад мөрөөдөл бий. Мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Бас хүн бүр, хүүхэд залуусын маань сэтгэлийн угт "мөрөөдөл бий", түүндээ хүрэх чадал бий гэдэгт итгэдэг. Тэдний минь сэтгэл зүрхэнд "мөрөөдөл байгаасай" гэж хүсдэг. Мөрөөдлөө шууд үгээр дэлгэрэнгүй илэрхийлээд байдаг нь цөөхөн ч мөрөөдөлтэй, зорилго, тэмүүлэл, эрч хүчийг "нэвт ханхлуулсан" хүүхэд залуус олон байгаа нь сайшаалтай. Тэднээр бахархахын сацуу хоцорчихгүй хөл нийлүүлэн алхах, хамтдаа ихийг бүтээх, тэднээс түрүүлэх эрмэлзэл байдгаа нуух юун.
Гэвч "сайны хажуугаар..." гэгчээр сүүлийн үед сонсогдох болсон "дуу хоолой"-нуудыг сонсоод байхад нэг л биш ээ. Мөрөөдөл, зорилго, зорилт алийг бүү мэд зөвхөн л "хилийн чанадад гарах", "том хаус", "хаймар жийп", "царайлаг охин", "мөнгөлөг, өнгөлөг залуу", "шоу", "санхүүгийн дэмжлэг" гэх мэт хэллэгүүд их дуулдах юм. Арай тэдгээр нь "мөрөөдөл" нь болчихсон "тууж" яваа юм биш биз дээ гэж сэтгэл эмзэглэмээр, харуусмаар.
Хэрвээ энэ машин чиний "мөрөөдөл" юм бол түүнийхээ төлөө юу хийх вэ? Арай ямар нэг ивээн тэтгэгч, санхүүгийн дэмжлэг, элдэв буруу аргыг ашиглахаас яаж зайлсхийх вэ? Энэ зүйлээ өөрийн болгож авчихаар мөрөөдөл чинь биелчихнэ. Ингээд мөрөөдөл чинь зогсчих хэрэг үү? Дараа юу хийх вэ? Өөр илүү том ямар нэгэн эд зүйлст шунаж "шунал нь ихдсэн шулам" болох нь уу? ч гэж асуумаар санагддаг(гэхдээ асууж байсангүй). Мөрөөдлөө олж харах уудам талыг эдгээр "жижиг зүйлс"-ээр нүдээ тагласанаас болоод харж чадахгүй болчих вий дээ.
Томоохон тэмүүлсэн тэмүүлэл, зорилготой, түүнийхээ төлөө зүтгэдэг, шинэ содон зүйлсэд дурладаг, санамсаргүйгээр "Миний мөрөөдөл бол гурван давхар байшин" гээд үг унагачихсан, жинхэнэ мөрөөдөл нь зорилгодоо хүрсэний дараа тийм байшинд үр ачаа тойруулан амар сайхан жаргах суух, өөрийн нууцхан авьяасаа хөгжүүлэхэд ихэнх цагийг зарцуулахаар төлөвлөсан байж болох.
Гэхдээ "МӨРӨӨДӨЛ" гэдэг энэхүү эрхэм үгийг хаа хамаагүй цаг зуурын зугаа цэнгэл, гал усны аюулд хэврэгхэн эд зүйлсээр дамжуулж илэрхийлээд байх нь зохимжгүй санагдаж байна миний хувьд. Энэ бичлэгийг минь уншиж байгаа эрхэм анд та ч гэсэн өөрийхөө мөрөөлийн талаар илэрхийлж гаргаж байсан үг хэллэг, өөрийн мөрөөдөл хоёрыг харьцуулаад нэг эргэцүүлж бодоод үзээрэй. Магадгүй өөрийхөө талаар бусдад буруу ойлголт төрүүлээд явсан юм биш биз?
Хүн мөрөөдөхөө зогсоход амьдрал нь ч бас зогсдог.
Магадгүй мөрөөдөл нь тэргүүн баян болох байгаад, түүндээ хүрэхийн тулд элдэв буруу арга хэрэглэж "хүн чанар"-аа гээсэн, нэгэнт мөнгөтэй болсон болохоор мөрөөдөл нь зогсон дураараа цэнгэж, түүндээ үл ханан бусдын амьдралаар тоглох "хөрөнгөтөн" "томчууд"-ыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Тэдний замналаар орохыг хүсэхгүй байгаа бол одооноос өөрийгөө "гээлгүй" явах, мөрөөдлөө "томсгож", нүдээ нээн алсыг харж эхэлцгээе.
Мөрөөдөл биелдэг юм...
гэсэн энхүү алдарт үгээр үгээр төгсгөе.
Мөрөөдлөө олцгоо! Мөрөөдөцгөөе! Мөрөөдөл рүүгээ тэмүүлцгээе!
**************************************************************
Танд ч бас яг адилхан мөрөөдөл байгаа хүн болгон мөрөөдөх дуртай. Би баян хүчирхэг болохыг мөрөөдөж байна яагаад баян болж байна гэж мөрөөдөж болохгүй гэж . Зүгээр ч нэг баян биш үнэхээр асар их баялагтай, бүгд үл марган хүндэтгэх хүчирхэг болохыг мөрөөдөж байна. Миний шунал их. Асар их. Заримдаа бүр биелэхэд дэндүү үнэмшилгүй их. Тийм их баялаг, хүч чадлыг хүснэ, би.
Мөрөөдөх баялаг минь зүгээр нэг ойр зуурын мөнгө, хөрөнгөөр зогсохгүй ээ. Миний ах дүүс, найз нөхөд, миний үед амьдарч байгаа бүх монголчууд, тэр ч бүү хэл үр хүүхэд минь тэдний үеийн бүх монголчууд олон олон үеэрээ бүгд толгой дараалан баян тансаг амьдраасай гэж мөрөөднө.
Энэ хүмүүсийн мөрөөдөл өөр өөр тэд мөрөөдөлөө биелүүлэх болттугай.
Ганцаараа би баян, бусад нь ядуу байвал ямар баян байх вэ. Монголчууд бүгд сайхан байр, хүссэн унаатай, сайхан ажилтай, өндөр цалинтай, сайн боловсролтой, эрх чөлөөтэй, итгэл хүндэтгэл даасан төртэй, шударга хууль цаазтай, түүнээ бүгд ижилхэн ойлгож биелүүлдэг тийм сайхан Монгол Улстай болвол сая бах минь ханаж би ямар баян юм бэ гэж өөрөөрөө бахархах болно.
Бид өөрсдөөрөө бахархаж болно. Зөвхөн өнгөрсөн түүхэндээ биш одоо, ирээдүйн баян тансаг Монгол Улс минь бардам итгэлтэй баян улс болно.
Бид асар их баялагтай байх болно: эрх чөлөө, үзэсгэлэнт монгол нутаг, олон сая хүн ам, цэцэглэн хөгжсөн эдийн засаг, сайн боловсролтой эрүүл чийрэг сая сая хүүхэд, дэлхийн бусад үндэстэн атаархам их баялагтай болно.
Хүчирхэг байх мөрөөдөл минь гэвэл одоо магад зарим нь итгэмгүй хүчирхэг байх. Би хүчирхэг баймаар байна. Миний ах дүүс амраг садан, найз нөхөд, миний үеийнхэн бүгд үнэн хүчирхэг болох.
Бүр миний үр хүүхэд, тэдний үеийнхэн, бүх монгол угсаатан олон олон үедээ асар хүчирхэг байх. Баян тансаг, эрх чөлөөт, сэтгэл татам болсон төв Монгол Улсад минь ах дүүс, бусад монголчууд маань аажим аажмаар нүүдэллэн ирж суурьшсаар олон аялгын найрал хөгжим шиг яруу тансаг монгол хэлээр хүүрнэх 10 сая монгол үндэстэн асар хүчирхэг эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, үнэн хүчирхэг Монгол Улсыг цогцлуулан хөгжүүлэх.
Бид өөрсдөө байтугай, бусад улс үндэстнүүд ч мэдээжийн мэт үг дуугүй хүлээн зөвшөөрч хүндэтгэн сонсдог, хүсэн нөхөрлөдөг тийм л үнэн хүчирхэг Монгол Улс. Би тийм л нэн хүчирхэг болохыг мөрөөднө.
Нэгдэн нийлсэн олон сая монголчуудын оюуны, соёлын, эдийн засгийн, төр ёсны хүчирхэгжил нь зүгээр нэг арифметик нийлбэрээс нь хэдэн арав дахин хүчтэй хүчирхэг дэлбэрэлтийг бий болгоно. Тэртээ тэргүй дан ганц хувь хүнийхээ хувьд ч оюун ухаан, авьяас билэг, биеийн хүчний нэн их чадавхи, төрөлхийн эрх чөлөөт нүүдэлчний бардам итгэлтэй зан чанартай тийм монголчуудын нэгдсэн Монгол Улсын сүр хүчин нэн хүчирхэг байх болно.
300 жилийн доройтол гутамшгаас сэрэн босч байгаа монгол угсаатан минь зөвхөн хувь хүн ганц нэгээрээ жаал жуул мөнгөтэй болох биш бүх үндэстнээрээ, Улс Монголоороо асар баян нэн хүчирхэг болох тийм жам ёсны цаг айсуй. Тун ойрхон айсуй.
Энэ мөрөөдөл зөвхөн мөрөөдөл биш биелэл болоход тийм ч хэцүү биш. Ердөө л 10-15 жилийн хугацаанд бид хүн бүр хичээн хөдөлмөрлөж, шамдан боловсорч, идэвхтэй зорьж, Төрдөө зөв хүнээ сонгож, Төрийн бүтэц үйл ажиллагаа хэвийн болж өөртөө итгэлтэй ухаантай амьдарвал тийм хэцүү биш.
Аль ч үндэстний доройтон буурах үед гардаг идэвхгүй арчаагүй байх, ажилгүй байх, хахууль авлига, хар амиа бодох, гуйлгачин дорой сэтгэлгээ, бусдаас дор гэж өөрийгөө бодох гэсэн цөөхөн муу, муухайгаа засч эхэлбэл энэ бол бодит мөрөөдөл.
Тэгээд ч бид мандан бадрах өгсүүр замаар замнаад 100 жил болж байна. Жам ёсоороо л бид үндэстэн угсаатны мандан бадралын үед ил үү түгээмэл байдаг: шударга ёс, эр зориг, үнэнч сэтгэл, үл нугарах ноён нуруу, цуцашгүй идэвхтэй чанар, өөртөө итгэх бардам итгэл, хүчирхэг хүний шинж болох өгөөмөр нинжин сэтгэл зэрэг эерэг зөв зан ча нар луу илүү тэмүүлж өөрсдөөсөө ч, Төрөөсөө ч нэхэх болжээ. Энэ чанарууд хувь хүн бүрийн бөгөөд Монгол төрийн мөн чанар болох цаг тун ойрхон айсуй.
Удахгүй, ердөө л 10-15 жилийн дараа бид асар баян, нэн хүчирхэг хувь хүн, угсаатан, Монгол Улс болох цаг айсуй. Ердөө л бид мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэх л үлдлээ.
Бид чадна. Монголчууд чадна. 2200 жилийн тэртээ Хүннү их гүрний үед, 800 жилийн тэртээ Их Монгол Улсын үед бид чадсан. Монголчууд бид гурав дахь удаагаа хүчирхэг бардам Монгол Улсыг дахин бий болгож чадна. Бид гарцаагүй тэр замаар мандаь босч явна. Бид чадна
0 Сэтгэгдэл NO: