Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
МЭДЭЭ - Хотын замын мөсдөлт өөр зүйлээс үүдэлтэй.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын зам нэлэнхүйдээ мөстжээ. Ийм замаар явах нь аюултай гэсэн үг юм. Хүмүүс мөсөн дээгүүр тун болгоомжтой явахын тулд бээцэгнэн хурд саардаг. Хурдтай, болгоомжгүй явбал бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол их гарч байна. Манай нийслэлийн автомашины хурд саарч, түгжрэл дээд цэгтээ хүрч байна. Үүнээс илүү түгжрэнэ гэж байхгүй байлгүй дээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны 18,00-20,00 цагийн хооронд машины түгжрэл Багшийн их сургуулиас Саппорогийн тойрог хүртэл үргэлжилсэн юм. Үүнд замын мөсдөлт ихээхэн нөлөөлсөн.Зам яагаад мөстөөд байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болж байна. Зам дээр цас ороод түүнийг хайлуулах гэж давс цацсантай холбоотой. Мөн авто машины хөдөлгөөнөөс шалтгаалан цас дагтаршаад мөстдөг байх гэж хүмүүс боддог байж магадгүй. Энэ байдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ бага хэмжээгээр байж таараа.Манай оронд өвлийн улиралд нь өдөр бүр цас ордог гэж хэлж болно. Эх газрын хуурай уур амьсгалтай орны онцлог нь энэ.
Хотын замын мөс өөр зүйлээс үүдэлтэй гэдгийг би хэлэх гэсэн юм. Энэ мөс бол машины яндангаас гарч байгаа уур, усны дуслын бөөгнөрлөөс үүсдэг гэж үзэж байна. Үүнийг ажил хариуцсан зарим хүмүүс ч ажигласан байх. Гэхдээ энэ талаар ярихгүй болохоор нь хөндөж шийдвэрлэх ёстой зүйл гээд замын мөсдөлтийг арилгах үүрэг бүхий мөсдөлтийн эх үүсвэрийг зогсоох талаар хариуцлага хүлээх ёстой хүмүүст саналаа хүргүүлж байна.
Манай хотын зам толботой ч юм шиг, санаатайгаар ус цацсан, ус цувуулаад асгасан ч юм шиг байгааг та бүхэн ажигласан байх. Энэ бол өвөл, намар, хаврын хүйтэн үед автомашины яндангаас /конденсацийн улмаас/ гарч байгаа уур, ус замын гадаргуу дээр дусч тэр нь хатахгүй байсаар мөс болж байна. Үүнд замын арчлалтыг хариуцсан Авто замын байгууллагын ямар ч буруу байхгүй. Харин ч тэд энэ дусал уснаас болж хийсэн ажлаа баллуулж байгаа хүмүүс.
Дэлхий нийтэд зам дээрх мөс хоёр зүйлээс үүдэлтэй гэж үздэг. Нэгдэх нь black ice буюу хар мөс, Монголоор бол намрын хар чийг, хяруу зам дээр унаад шөнөдөө хөлдөж маш нимгэн, хүний нүдэнд үл харагдах мөсөн давхарга бий болгож байна гэсэн үг. Энэ бол маш аюултай үзэгдэл. Үүнээс болж маш олон аваар осол хурдны замууд дээр гардаг.
Иймэрхүү байдал Скандинавын орнуудын, Англи, Канад, Орос, Америкийн хойд, чийглэг нутгийн замууд дээр намрын сүүлчээр олонтой давтагддаг. Тийм учраас эдгээр улсууд хар чийг унахаас өмнө болон хойно далайн давстай усаар замаа усалдаг.
Монголд бол хар чийг унах нь тийм ч элбэг биш учраас тоодоггүй. Харин автомашины яндангаас гарч байгаа усны дуслууд бол энэ хар мөстэй төстэй зүйл юм. Хоёр дахь нь, дээр өгүүлсэн цас, тунадасаас үүдэлтэй мөс юм. Үүнийг Авто замын засвар, арчлалтын байгууллагууд хариуцан дор нь арилгах үүрэгтэй. Манай хотын замынхан энэ үүргээ муугүй биелүүлж байгаа.
Автомашины яндангаас гарч байгаа энэ усан дуслууд маш их хор хөнөөлтэй төдийгүй аюултай. Замд л гэхэд хоёр төрлийн хор хөнөөлтэй. Нэгд энэ дусал усанд маш олон төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг учраас замын барьцалдуулагчийг сулруулж, идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр замын хучлагын эвдрэл хурдасдаг.
Хоёрт, зам дээрх хэвтээ тэмдэглэгээг буюу цагаан шар, зураасуудыг харлуулж ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй болгосноор хөдөлгөөн зохицуулалтад муугаар нөлөөлдөг. Уг нь энэ цагаан, шар зурааснууд гэрэл ойлгодог юм.
Та бүхэн гадаадын орнуудад иймэрхүү тэмдэглэгээнүүд ямар тод байдгийг мэдэж байгаа. Харин дулааны улиралд энэ зурааснууд бага зэрэг тодордог ч мөн л хар саарал юм харагддаг. Энэ бол манай машинууд хугацаа дууссан дугуй гадаадаас авчран хэрэглэдэгтэй холбоотой юм. Японд элэгдээд хар бал гаргадаг болсон дугуйтай ганц ч метр явуулдаггүй.
Замчид замаа засаад л өнгө үзэмжий нь сайжруулаад аль болохоор аюул, осолгүй зорчуулахын тулд чадах чинээгээрээ хичээж байна. Зам муу байна, замынхан чанаргүй зүйл их хийж байна, хальтиргаа гулгаа ихтэй байна гээд хүн болгон шүүмжилдэг. Гэхдээ замчин биднээс шалтгаалахгүй зүйл бас байна. Тийм учраас дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:
-Автомашины яндангаас гарч байгаа усан дуслуудын талаар нарийн судалгаа хийж, түүний хор хөнөөлийг тогтооё
-Машины яндангаас гарч байгаа усан дуслуудыг зам дээр дусаахгүй байх талаар шат дараалсан механик, техник технологийн, үйлдвэрлэлийн шинж чанартай арга хэмжээ авцгаая
-Эхний ээлжинд зөвхөн өвлийн улиралд хадаастай /шипитэй/ дугуй хэрэглэх боломжийн талаар судалгаа хийе
-Замын цагаан зураасыг харлуулдаг дугуй хэрэглэхийг хориглоё. Дугуйг хэрэглээд хар зураас гарах болмогц нь сольж байя.
-Автомашины яндангаас гарч байгаа усан дуслыг зам дээр дусаахгүй болгох талаар, дугуйны хэрэглээний асуудлаар төр, засгаас Тээврийн байгууллага, Замын цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл, үүрэг өгч хэрэгжилтийг нь хангуулъя.
Эдгээр саналтай холбогдуулан бусад хүмүүсийн саналыг сонсохоор энэ асуудлыг дэвшүүлж байна. Тунгаан болгооцгооно уу.
0 Сэтгэгдэл NO: