Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Маргаашийн нарыг үздэг л байгаа даа.
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хойд талын Баянзүрх дүүргийн XIV хорооноос XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх газрыг цагдаа нар "Үхлийн гудамж" хэмээн нэрлэх болжээ. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь дээрх газруудад өвлийн улиралд өдөр болгон шахуу хүн осгож, эсвэл ямар нэг байдлаар амь насаа алддаг болоод байгаа юм байна. Энэ талаар сурвалжлахаар "Нарантуул" захыг өнгөрсөн бямба гаригт зорьсон юм.Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдон "Нарантуул" зах дүүрэн хүнтэй байлаа. Ингээд Монголын гэр оронгүй, архинд орчихсон иргэдийн 60 гаруй хувь нь байдаг "Нарантуул" захын зүүн хойд талын бетонон хашааг нүхэлчихсэн газар буюу "Мангасын ам" гэх газарт очлоо. Биднийг 16:00 цагийн үед очиход "найр" ид хавтгайрч байв. Хуучин эдлэл худалдаалдаг тус газрын эзэд энд тэндгүй л "тасарчихсан" хүмүүс цементэн шалан дээгүүр зулаад хэвтэцгээчихсэн байлаа. Өвлийн тэсгим хүйтнийг дотрын халуунаар л давж байгаа бололтой.
Зүүн гарын өрөөсөн бээлий эгнүүлэн тавьсан лангуунаас холгүйхэн хуучин хэтэвч зарж байгаа лангууны хажууд арав гаруй бээвийсэн хүн бөөгнөрөөд зогсож байлаа. Бүгд л дотроо халаагаад "зуу" татчихжээ. Тэд тал талаасаа мөнгө нийлүүлж архи уух гэж байгаа бололтой юм. "Чи 200 төгрөг өг. Өө "салтаадсан" мөнгөө гаргаачээ. Нэгмөсөн аваад уухгүй бол цаад Нямбат чинь гомбоогоо өгөхгүй "луу унжаад" байгаа.
За хурдан гарга" гээд 30 гаруй настай болов уу гэмээр нүүр ам нь битүү яр шархандаа баригдсан нөхөр бусдаасаа мөнгө хурааж гарлаа. Цугларсан мөнгө 2000 гаруй төгрөг болсон гэнэ. "За одоо хүрнэ. Хурдхан яваад ир" гээд нөгөө мөнгө хурааж байсан нөхөр хэлэв. Дундаасаа нэг хүн явуулахаар болов. 20 гаруй насны жижигхэн биетэй залууг архиндаа явуулахаар болцгоолоо. Гэтэл бөөгнөрөөд зогсч байсан хүмүүс дундаас нь нэг нь "Наадах чинь хойно очоод л бариулна ш дээ. Наадах чинь бүтэхгүй" гэв. Бүгд л ам амандаа "Нээрээ тийм. Энэ мууг хойшоо гарангуут л "Солгой"-гийнхон бариад авна" гээд явуулсангүй. Тэгээд бүгд л "Бороо яв.
Чамайг хэн ч барихгүй" гээд бусдаасаа биеэр том нөхрийг явуулахаар боллоо. Тэгтэл анх архинд явуулах гэж байсан залууг голоод байсан нөхөр дахиад л "Наадах чинь гуларчихвал яах юм бэ. Бүгд хөлдөж үхнэ шүү" гэв. "Нээрээ энэ гуларчихна" гээд хэдэн талаас ам амандаа хэлэх нь сонсогдов. Үүнээс болж Бороо гэх нэртэй залуугийн уур хүрсэн бололтой. "Чи муу юу гээд байгаа юм бэ. Би та нарыг хэзээ орхиж байсан юм бэ. Ална шүү" гээд л саарал хүрэмтэй намхан нөхөр лүү дайрлаа. Нүүр нүдгүй л цохих юм. Цус нөжтэйгөө холилдсон саарал хүрэмтэй залууг газар унахад нь тал талаас нь өшиглөөд л.
Бүр тэр зодоонд ямар ч хамааралгүй хажууд нь холоос хараад зогсч байсан нэгэн эр эхнэр нь бололтой эмэгтэйг гэнэтхэн цохиж аваад "Чи муу яагаад өдөөд байгаа юм бэ" гээд л... Энд тэндгүй л зодоон болов. Чадалтай нэг нь чадалгүйгээ дээрэмдэж, зодож цус нөжтэй нь холиод л тэдэнд Монголын хууль үйлчилж байгаа юм алга. Зөвхөн байгалийн хууль л үйлчлэх аж. Цагдаа тэдний зодооныг харсан ч хараагүй юм шиг л өнгөрдөг юм билээ. Хэрэв хууль үйлчлэх юм бол хэл амаар доромжилсон, бүлэглэн зодсон гээд л Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар дээрх нөхдүүдийг шийтгэх байлаа. Энд 20 нас дөнгөж хүрч байгаа болов уу гэмээр охид, хөвгүүд ч олон харагдаж байсан.
Арай гэж зодоон дууслаа. Нөгөө архи авах гэж мөнгө хурааж байсан нөхөр зодоон дундуур хэдийнэ алга болжээ. "Шараа хаачив. Дэлгүүр орсон байх" гээд л ар араасаа цувраад сандралдан явцгаалаа. Бид ч тэдний араас явлаа. Халдвартын эмнэлгийн буудлын хажууханд байх найман нэрийн дэлгүүрээс нөгөө Шараа гэх нөхөр хоёр шил архи бариад гараад ирэх үед нөгөө хэд яг таарлаа. "Чи яаж байгаа юм бэ. Биднээс бултах гээд байна уу" гэцгээх аж. Ингээд тэр даруйд нь хоёр шил архиа задлаад ууцгаалаа.
Хэсэг хугацааны дараа бүгд согтож дуулах нь дуулж, уйлах нь уйлалдан "Нарантуул" зах руу явсан юм. Тэд бөөнөөрөө явж байтал 40 гаруй насны нэг хүн халтьраад ойчив. Босох гэсэн босож чадахгүй юм. Нөгөөдүүл нь эргэж харсан боловч татаж босголгүй явах юм. Ингээд арай гэж босоод нөгөөдүүлийнхээ араас явлаа. Уусан архиныхаа лонхыг гээсэн шигээ тэд хүн чанараа ч гээж байна...
2000 ТӨГРӨГИЙН ЭРЭЛ
Эргээд "Нарантуул" зах дээр ирэхэд хэдийнэ орой болжээ. Захынхан тарж, лангуун дээрх бараа, хувцас хунараа хураагаад энд тэндгүй том модон авдар түрсэн залуус чингэлэг рүү гүйлдэх аж. Харин гэр оронгүй, архинд орсон хэдэн "бөбөөчид" захын арын талбайд үлджээ. Сүүлийн жилүүдэд энэ хавиар олон хүн осгож амь насаа алдах болсон шалтгааныг олж мэдлээ. Энэ хавийн айлууд газарт орж байгаа гэнэ. Гэр хорооллын айлуудыг удахгүй нүүлгэж орон сууц барих юм байх. Тэр ажлын хүрээнд хуучин дулааны шугамыг шинэчилж 20 гаруй траншейныг бөглөөд зургаахныг үлдээчихэж.
Ингээд ихэнх нь дулаан хонох газаргүй болжээ. Захын ойролцоо зургаан траншейн байдаг гэнэ. Тэнд 60 гаруй "Бөбөөчид" багтаад, дулаан хоночихдог байна. Үлдсэн нь орцоор хоног төөрүүлдэг аж. Тэр хавийн 200 айлын орон сууц, "Аман хуур" хотхон зэрэг газруудын орцонд л хонодог юм шиг байгаа юм. Тэдний нэг өдрийн амьдрал ийн өрнөдөг гэнэ. Өглөө эрт шартчихсан нөхдүүд ажилдаа гардаг байна.
Дотроо засах гэж өглөө эрт баар, рестораны үүд, дэлгүүр зэрэг газруудаар шил, лааз, хуванцар сав цуглуулаад 1500-2000 төгрөг олчих юм бол болж байгаа хэрэг. 500 төгрөгөөр нэг аяга шөл худалдаж авч уучихаад үлдсэн 1500 төгрөгөөр нь шил "гомбоо" авч дотроо халаагаад л дулаан байр бараадна. Хэрэв хэтэрхий их дотроо халаагаад гудамжинд "тасарчихвал" нартаас нэгмөсөн буцна гэсэн үг.
СОГТООД ҮЛДСЭН НЭГНИЙГЭЭ ШУУД ХАЯДАГ
Ингээд бид "Нарантуул" захын ойролцоох гудамжнуудаар "шөнийн эргүүл" хийлээ. 18:00 цаг өнгөрөөд л гадаа тас харанхуй болж байна. Гэрэл чийдэнгүй болохоор айлын хашааны буланд хэвтэж байгаа хүмүүс ер харагдахгүй юм. Хэд хэдэн гудамжаар орлоо. "Хүслэн" гэх цэнхэр дэлгүүрийн урд талын гудамжны үзүүрт 40 эргэм насны нэг хүн хэвтэж байх нь тэр. Хоёр гутлаа тайлаад хаячихаж, осгож байгаа хүн хувцсаа тайлаад хаячихсан байдаг гэдгийг сонсож байсан болохоор эхлээд нэлээн айлаа.
Хөл гар нь татваганаад нэг л биш болчихсон бололтой харагдаж байв. Гутлыг нь арай гэж өмсгөв. Тэр даруйдаа цагдаа дуудсан юм. Гэвч цагдаа ирдэггүй арав гаруй минут боллоо. 102 утас руу залгахаар "Одоо очиж байгаа. Ямар олон залгадаг юм бэ" гээд л утас авсан эмэгтэй өөдөөс загнаад байх. Нөгөө гудамжинд хэвтэж байгаа эр амь тавьчих гээд байгаа бололтой сонин сонин болоод л нэлээд хэцүүдлээ.
Арай гэж нэг юм цагдаа ирлээ. Машиныхаа гэрлийг тусгаж байгаад л хоёр цагдаа бууж ирээд нөгөө нөхрийг үзэж гарлаа. "Өө энэ хавийн хүн биш байна. Ар гэртэй л хүн байх даа. Өмхий бага үнэртэж байна" гэж хоорондоо яриад л машиндаа суулгахаар болов. Тэгтэл нөгөө нөхөр чинь өмдөндөө "морь харчихсан" байв. Өвөл хувцас угаагаад гадаа тавихаар усан дуслууд бурзайгаад хөлдчихдөг шиг л шээс нь хөлджээ. Тэр хавиар өмдийг нь хусах юм хайж байгаад л тохойн чинээ мод оллоо. Дуудлагаар ирсэн нэг цагдаа өмдийг нь хусав. Ингээд нөгөө хоёр цагдаа согтуу нөхрийг машиндаа суулгаад эрүүлжүүлэх газар луу явж одсон юм. Цагдаа нар энэ хавийн гэр оронгүй иргэд хүн чанар муутай талаар ярьж байна лээ.
Согтоод үлдсэн нэгнийгээ шууд л орхиод явцгаадаг аж. Тэгээд маргааш нь "Найз маань өөд болчихсон байна тэтгэмж авмаар байна" гээд явж байдаг гэсэн. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын машинд бусадтай нь адилхан шатахуун өгдөг болохоор гудамж болгоноор тасралтгүй явах боломж үнэндээ байдаггүй юм билээ. Мөн хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа цагдаа нар аж. Ингээд хэд хэдэн гудамжаар орлоо. Тэгтэл нэгэн траншейны гадаа хүн хэвтэж байлаа. Мөн л согтоод ойчсон бололтой юм. Цагдаа дуудлаа. Цагдаа нар энэ удаад хурдан ирж байна лээ.
Тэгээд "Дүүргийн эрүүлжүүлэх авдаггүй юм аа" хэмээн учирлав. Дулаан байранд орсон тэдний өмхий үнэр тэр хавиар нэг юм болдог гэсэн. Тэгээд хажууханд байх траншейн руу нөгөөх нөхрийг орууллаа. Траншейн дотор унтаж байсан хэдэн хүнд "Хүнээ авахгүй яах гээд байгаа юм бэ. Хөлдөж үхлээ наадах чинь" гэсэн чинь цагдаагийн өөдөөс хэн нэг нь "Агсам тавиад унтуулахгүй байгаа юмаа" гэх нь дуулдав. Мөн дуудлагаар ирсэн цагдаа "Нарантуул" зах дотор хэд хэдэн тасарчихсан хүн унтаж байхад нь байранд нь хүргэж өгсөн гэнэ. Тэгж байтал "Мама" солонгос рестораны урд зодоон болж байгаа талаар мэдээлэл ирэв.
"Хавдар судлал"-ын автобусны буудлын ойролцоо гэр оронгүй нөхдүүд зодолдоод зогсож байсныг биднээс өмнө цагдаа нар салгажээ. Нэгнийгээ ухаан алдтал нь зодсон гэсэн. Тэгээд нөгөө ухаан алдаж унасан нөхрийг Баянзүрх дүүргийн хажууханд байх "Энэрэл" эмнэлэг рүү аваачиж өгөхөөр явцгаажээ. Харин зодсон нөхөр олдсонгүй. "Нарантуул" захын тэр хавийн гудамж тас харанхуй гэр оронгүй иргэдийн хэн нэг нь тасраад үлдлээ гэхэд харагдахааргүй юм билээ.
Харин өвлийн энэ хүйтэнд согтоод үлдсэн нөхдүүд зудны жилийн ишиг, хурга шиг л өглөө гэхэд тэндээ амьсгал хураачихсан тас хөлдчихсөн байдаг байна. Харин аз нь таарсан нэг сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй таарч, цагдаа дуудуулж, хөл гараа тайруулаад л амьд гардаг гэсэн. Нийслэлд нэг шөнийн дотор 3-8 хүн осгож амь насаа алдаж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлж байна. Өнгөрсөн шөнө гэхэд л дөрвөн хүн осгож амь насаа алджээ.
0 Сэтгэгдэл NO: