Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Н.Энхбаяр хаана байгаа бол...

АТГ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсныхаа дараа ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн урьдчилан хорих төвд
хорьж байгаа билээ. Хууль ёсоороо бол түүнийг баривчлаад гэрт нь хамгийн ойр байгаа хориход саатуулах ёстой байсан ч ийнхүү “цөлж” орхисон нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Маргааш өглөө нь хүний эрхийн хуульч М.Ичинноров гэх мэт хүмүүс “Төв аймгийн мөрдөн бол дэлхийд байхгүй харгис шорон. Н.Энхбаяр тэнд тэсэхгүй” гэсэн мэдэгдэл хийж байлаа. Удалгүй Н.Энхбаярыг халдлагаас хамгаалах ёстой тусгай хамгаалалтыг нь буулгах шийдвэр гаргасан болохыг МАХН-ын ЕНБД Н.Удвал, Л.Цог нар олон нийтэд зарлаж, “Эрх баригчид Н.Энхбаярыг хөнөөхөөр шийджээ” гэсэн мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлэх шаардлагыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид гардуулж өгөхдөө “Н.Энхбаяр маргаашийн дотор суллагдахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ шүү” хэмээн онцлон анхааруулж байлаа.
Дээрх сүржин мэдээллийн илүү шорвог хувилбар твиттер, фэйсбүүкээр цацагдлаа. Н.Удвал, Л.Цог нар “Хэрвээ манай даргын амь насанд аюул учраад ард түмэн бухимдлаа илэрхийлбэл бид тогтоож дийлэхгүй шүү” гэж анхаарууллаа. Энэ бүх үйл явдлуудаас болоод “Н.Энхбаярын эсрэг махны машин ажиллаад эхэлчихжээ” гэсэн ойлголт олон нийтэд үүсээд байв. Гэтэл дараа долоо хоногт нь... “Долдугаар сарын 1-ий хэрэг”-т буруутгагдан шалгагдаж байгаа, ЦЕГ-ын дарга асан генерал Ч.Амарболд УКТЭ-т биеэ үзүүлээд явж байгаа нь олон нийтэд ил болсноос хойш “Н.Энхбаяр гарчихсан юм биш үү” гэсэн хардлага үүсээд байна. Ингэж хардах шалтгаан хангалттай байгаа юм. Нэгдүгээрт, МАХН-ын идэвх буурсан. Баривчилгааны дараа “Улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэж мэдэгдэж байсан МАХН дараа долоо хоногт нь чимээгүйхэн Төв аймгийг зорьдог юм байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Та бүхний шаардлага УИХ-д хамаагүй” гэсэн хариу өгсөн нь тэдэнд хангалттай санагдаагүй байлтай. Н.Удвал, Л.Цог нарыг “Хорьчихно шүү” гэж дарамталсан гэх. Гэвч тэд дарамтад орох хүмүүс мөн үү. МАХН-д элсэхдээ л энэ зэргийн дарамт ирнэ гэдгийг мэдэж байсан, хангалттай хатуужсан хүмүүс байлтай. Тийм хүмүүс зорилгодоо хүрч байж л дуугүй болсон байх учиртай.
Хоёрдугаарт, Н.Энхбаярыг байцаасан гэсэн мэдээлэл нэг ч удаа гарсангүй. Эхэндээ өмгөөлөгчтэйгөө уулзаж, түүгээр дамжуулан “Өлсгөлөн зарлаж байгаагаа” мэдэгдэж байсан бол дараа нь таг чиг. “Өлсгөлөн зарлахаа больсон”, “Мэдүүлэг өгөхөөсөө татгалзсан” гэх мэдээлэл л гарах болсон. Үр хүүхдийнхээ эсрэг биш юм аа гэхэд нөгөө хоёр хэрэгт нь мэдүүлэг авах эрх хуулийн байгууллагад хангалттай байх учиртай. Гэвч тийм юм болсонгүй.
Гуравдугаарт, тойрон хүрээлэгчид нь хэтэрхий “шоудаж”, сүр дуулиан болгохыг хичээж байсан. Тусгай хамгаалалт нь үгүй болж, амь насанд нь аюул учраад байсан хүн үхсэнгүй, харин ч “Би айхгүй” гэж захидал бичлээ.
Гэхдээ дээрх баримтуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоосон явдал. Энэ сарын 13-ны өдөр өлсгөлөн зарлаад маргааш нь буюу 14-ний өдөр өлсгөлөнгөө зогсоосон. Тэрбээр өөрийгөө “суллах” шаардлага тавьж байсан билээ. Ганц хоног хоолд идэхгүй байж чадахгүй хүн улс орныг удирдаж хүнд хэцүү цаг үеийг давна, тэмцэл хийнэ гэж юу байх билээ. Дээрээс нь, МАХН-ын Н.Удвал, Л.Цог тэргүүтэн баасан гарагийн өдөр хүргүүлсэн шаардлагадаа “Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллах”-ыг шаардсан. Маргааш нь буюу 14-ний өдрийн 14.00 цагт шаардлагын хугацаа дууссан ч жагсаал цуглаан болоогүй. Энэ нь Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоосон цаг хугацаатай яг давхцаж байгаа юм.
Бас нэг “сонин” баримт нь эхэнд өгүүлсэн “цөллөг”-тэй холбоотой. Н.Энхбаярыг яах гэж Улаанбаатарт биш хаа байсан Төв аймагт аваачиж хорив оо. “Гаргаж”, “Оруулж” байхад амар гэж гэсэн юм болов уу. Ямартай ч өнөөг хүртэл болсон үйл явдлуудаас харахад Н.Энхбаярыг Төв аймгийн мөрдөнгийн камерт дараагийнхаа захидлыг бичсэн шиг ээ сууж байгаа гэхэд эргэлзэхээр байна. Түүнтэй нийлж бүлэг байгуулах гэж байсан гэж хардагдаад байгаа гишүүд нь хүртэл Н.Энхбаярыг суллахыг биш, Ц.Нямдоржийг огруулахыг шаардаж, шийдвэр гаргасан АТГ-ыг биш, баривчлах аргаа буруу сонгосон цагдаа нарыг буруутгаж байна. “Эцсийн эцэст цагдаа буруутдаг” гэдгийг энэ хэрэг батлах гээд ч байх шиг...
0 Сэтгэгдэл NO: