Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
/ Цацал өргөх тухай./
Монголчууд цаг улирал дулаарч, цас мөс хайлан урин цагтай золгох хаврын эхээр буюу мал сүрэг төллөн сүү цагаан идээ элбэгших үеэр малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж, идээ цагаа элбэгтэй байхыг бэлгэдэн саасан сүүнийхээ дээжийг тэнгэр, газар, уул, усандаа өргөн цацал өргөх ёс үйлддэг.Цацал өргөх ёс нь малчин ардын төлийн баярын нэгэн өвөрмөц зан үйл мөн бөгөөд хаврын улиралтай золгож буйн баяр юм. Энэ нь тэнгэр, байгаль ертөнцийг аргадаж, хайр энэрлийг нь гуйж буй бөгөөд таван хошуу малын аль алинд хамааралтай бэлгэдлийн зориулалттай байдаг ч тухайн малын төллөх цаг хугацаа, сааль сааж эхлэх үетэй холбогдон цацал өргөх ёс, цацлын шүлэг нь ялгаатай байдаг.
Энэ зан үйлийг үйлдэхдээ нүдсэн арцаар гэртээ сан тавьж, нүдээгүй арцыг агьтай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотныхоо баруун хойд талд эсвэл дөрвөн талд уугиулан их сан тавина. Ер нь монголчууд аливаа зан үйлийг үйлдэхдээ энэ мэт, сан тавьдаг нь галыг ариутгах шидтэй гэж эртнээс шүтэн биширч ирсэнтэй холбоотой юм.

Ингээд ууган төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээл жилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талд хувинтай сүүгээ барин, нөгөө нь цацлын модон халбагаар сүүнээс дээжлэн авч ерэн есөн тэнгэр, далан долоон идээний эзэн, орчны уул усанд цацал өргөх ба уг зан үйлийг гэр, малын хотыг нар зөв тойрон явж гүйцэтгэнэ.
Энэ үед тэнгэр уул усны далдын эзэн онгонд сүүний дээжээр цацал өргөн хайр энэрлийг нь гуйсан утга бүхий цацлын шүлэг хэлдэг. Тухайлбал, үнээний цацал цацах ёслолын шүлэгт "Гэнэтийн хижиг, гамшиг, үхэл, дээрэм, хулгай, зуд турхан тэргүүтэн үгүй болтугай, өвс, ус элбэг болтугай" гэж хэлдэг байна. Цацал өргөх ёсыг ийнхүү үйлдээд айл хотлоороо гэрт орж цай идээ ууж идэцгээнэ. Үүнээс гадна өглөө, үдэш бүр сааль сүүний дээжээр цацал өргөх ёс түгээмэл юм.
Бөө мөргөлийн үед цацал өргөх ёс ихэд батжин дэлгэрч, улмаар бурхны шашны зан үйлд зохицон хөгжжээ. Энэ нь янз бүрийн цацлын шүлэгт бөө мөргөлийн холбоотой үгс, бурхны шашны бурхадын нэрс гарч буйгаас харагдаж байдаг.
Үүнээс гадна хөгнө мялаах ёс гэж байдаг. Хавар нялх хөрөв хурга, ишгийг дулаан байранд хөгнөн тэжээж өсгөх ба хөгнө шинээр татахдаа мялааж ёслол үйлдэн мал сүргээ өсгөн үржүүлэхийг бэлгэдэн даллагын шүлэг ерөөл хэлж сүүний дээжээр цацал өргөнө.
0 Сэтгэгдэл NO: