Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Золиослогдсон Монгол

Золиос гэдэг үгийг ямар нэгэн үйлийг хэр чинээгээрээ сайн хийхэд гаргадаг гарз хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн амжилт араасаа заавал эрсдэл дагуулдаг гээд ойлгочиход хэтийдэхгүй гэх гээд байна л даа. Тэр ч утгаараа золиосгүй амьдрал, алдаагүй амжилт байдаггүй гэх үгийг хүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг биз. Тиймдээ ч хамгийн бага золиостойгоор өндөр хүрсэн амжилтыг бараг шахуу төгс хэмээн олноороо хүлээн зөвшөөрч энэ зэргийн амжилтанд хүрэхийн тулд тэр зэргийн золиос гаргалгүй яахав хэмээдэг болж таараад байгаа юм. Гэхдээ сүүлийн үед Монголын улстөрчид, улстөрийн тавцанд өндөр "амжилт" үзүүлэхийн тулд улс орноо даанч хайрлах сэтгэлгүйгээр, дэндүү хүйтэн цэвдгээр золиослох явдал хэрээс хэтэрчихээд байдаг боллоо.
Зүй нь улстөрчид болон улстөрийн намуудын үйл ажиллагааны үр дүн, улс эх орны эрх ашигт нийцсэн, эгэл түмний сайн сайхны төлөө хийсэн ажил, боловсруулсан бодлого хөтөлбөрөөр үнэлэгддэг байлтай. Гэвч өнөөгийн Монголын улстөрчдийн үйл ажиллагааны гол амжилт нь өөрсдийнх нь болон намынх нь эрх ашигт л 100 хувь нийцэхээс улс оронд огт хамаагүй байдаг болж. Хамааралгүйгээр алгасаад өнгөрдөг болж ч бас яахав. Дүүрч гэxсэн.
Xамгийн хачирхалтай нь хамгийн ихээр золиослогддог золиос нь Монгол Улс болчихоод байгаад л асуудлын гол учир байна. Хамгийн сүүлийн үеийн үйл явдал гэвэл хамтарсан Засгийн газар хага үсэрсэн явдал. Анх төрхөмдөө буцахаар болсноо их бардам басхүү бахархалтай гэж хэлэхүйцээр мэдэгдсэн АН-ын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үгэнд сонгууль дөхлөө, тэгээд ч манай нам түүхэн үүргээ онцсайн гэх үнэлгээтэйгээр биелүүлсэн гэх үг дэндүү гэмээр содон байсан. Гэхдээ мань эр айсуй буй сонгуулийг зөв шударга зарчмын дагуу явуулах гэсэндээ ийм мэдэгдэл хийсэн гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Чухамдаа бол тэрбээр намын даргын суудлаа Монгол Улсын эрх ашгаас дээгүүрт тооцсон хэрэг л дээ.
Намын нөхөд нь шантаажилж, намын даргын суудлаа тавьж өгөөд Тэргүүн шадар сайдынхаа албыг хашиж л байхгүй юу, МАНАН-тайгаа манараад гэж шантаажилсан учраас тэрбээр ийм шийдэлд хүрсэн гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой Эгээг нь таарсан юм шиг энэхүү мэдэгдлийн дараахнаас шатахууны үнэ тэнгэрт хадаж дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр бус цагаар өссөн нь дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүйн тод илрэл болсон. Тэртээ тэргүй төр нь үймрээд түмнийхээ эрх ашгийг гаргуунд нь гаргачихаад даргын суудалтай зууралдаж байхад шатахуун импортлогчид чоно борооноор гэдэг шиг аашлах нь зөв ч байж мэднэ.
Ер нь тэгээд сонгууль дөхчихөөд байхад Шунхлайгаараа дамжуулж сонгуульдах мөнгө олохооор хор найруулсан УИХ-ын дэд дарга Г.Батхүүг буруутгах албатай ч юм уу үгүй ч юм уу. Бодоод үз л дээ, сонгуулийн босго мөнгө 50 сая байхад тэр хүмүүн хэдэн төгрөг олчих гэж донтох нь зөв биз дээ. Тэртээ тэргүй үймэрсэн засаг төр, эзэнгүйдсэн сайдын суудлаа нөхөх гэж балайрч байхад чинь... Боломжийг алдах юм бол зах зээлийн нийгэмд бизнесмэн гэгдээд ч яах юм бэ. Одоо хүртэл үймэрч хариуцлага тооцно, энэ тэр гээд жонхуурч байх зуур 50 байтугай саяыг олчихож байгаа юм чинь. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гээд суугаад байдаг газар. Золиос болсон Монголын зовлон үүгээр дуусахгүй.
Нэгэн үе алтан дээр суусан гуйлгачин гэж цоллогддог байсан монголчууд тун удахгүй шороон дээр суудаг Монгол гэгдвэл гайхаад байх зүйл алга. 2.7-хон сая хүн амтай улсын хувьд газрын хэвлий дэх баялгаараа Монгол дэлхийд гайхагддаг. Гэхдээ зөв сайхан ашиглаж алсын хараатай бодлого явуулж байна гэж биш шүү. Их баялагтай, цөөхөн хүн амтай ч ихээ шуналтай тэнэг удирдагчидтай учраас мөнгө олох бөөн боломж болж харагддагаараа дэлхийн анхаарлын төвд тууж яваа хэрэг.
Угaaс хүн гэдэг амьтны шуналд хязгаар байх биш. Дээр нь Монголын төрийн эрх баригч, төрийн өндөр албан тушаалтнуудыг шуналаар нь жагсааж байгаад томилчихсон юм шиг аягладаг хойно. Арга ч үгүй биз. Нийтээрээ идвэл нэг байтугай нэлээд хэдэн жаранд хүрэх юмыг чинь ганцаараа 60 жил идэхээ л урьтал болгоно. Бусадтайгаа хуваалцвал амтгүй санагдаад байдаг шиг байгаа юм. Тиймдээ ч Оюутолгой дашийн шог болж, араас нь Тавантолгой тарсан толгой болчихоод байгаа хэрэг.
Саяхан Сонгуулийн хуулиа баталлаа гээд цаана чинь парламент оргилуун дарс буудуулаад байсан. Шинэ оны өмнөхөн баталсан бид, мөн ч их ажил амжууллаа гээд баяр хөөр болоод байгаа юм даг уу даа. Өнгөц харахад хуулийн хугацаанд ажлаа амжуулдаг тун шуурхай парламент шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас зургаахан сарын өмнө тэгээд зөвхөн өөрсдийгөө гаргах боломжийг хангалттай хангасан хууль батлаад бид ялнаа гээд баясаад байгаа явдал л даа. Өнөө бие даан нэр дэвшигч, парламентын гаднах намуудын хувьд парламент гэдэг давж гаршгүй сүмбэр уул, гаталж болшгүй сүн далай болоод хувирчихсан.
Одоо, ядаж сонгуулиа шударга явуулаасай гэж л залбирч байх шиг байна, хөөрхийс. Мэдээж зарим нэг гэнэн баагий нь Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн Цэц унагачих байх гэж найдаж байгаа байх л даа. Үгүй дээ найзууд аа, тийм юм болохгүй. Мөрийцсөн ч яахав, Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөрөө. Нээрээ 21 мянган төгрөг чинь золиослогдсон Монголын зовсон ард түмний ганц гэгээ нь болчихоод байгаа шүү. Яадаг юм бэ, махны үнэ 6000 давчихаад байхад гурван кило хагас мах аваад хэд хоног хоолтой хонож байгаа юм чинь. Гэхдээ цаадуул чинь маньд сард 21 мянгыг хаячихаад, өөрсдөө өдөрт хоёр зуун мянгыг лавиж байгааг битгий мартаарай.
За тэгээд манай Монголыг дотоодынхон нь золиосолж буйг харсан гадныхан бас л золиосолж ашиг хонжоо олохоор улайрцгааж байгаа гээд хэлэхэд буруудахгүй. Нэгэн үе цөмийн хаягдлаа булшлах гэж тэмүүлсэн харийнхан өдгөө авдар савыг маань хоосолж хуу хамахаар дайрцгааж байна. Мэдээж тэгэх боломж ёстой хязгааргүй их байгаа юм чинь. Нэмж өгүүлэхэд сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан хүнсний хомсдол бас л монголчуудыг хамарч мияаруулж, сульдуулж эхэллээ.
Хүнээсээ даруй 10 гаруй дахин их малтай атлаа дэлхийн зах зээлийн үнэлгээний дунджаас дээгүүр үнээр мах авдаг гээд бодохоор гунигтай байгаа биз. Хадуураад давхилаа гэж гоочлох хэрэггүй. Золиослогдсон Монголд монголчууд байгаа учраас л золиослох үйл явц алгуурхан явагдаад байгаа хэрэг. Хэрвээ эзэнгүй байсан бол хэн ч золиослогдохгүй бас хэн ч зовохгүй байсан юм. Тэгэхээр Монголыг золиослох санаархлын эхний бай нь монголчууд л байгаа биз дээ.
Эцэст нь нэгэн хип хопчин залуугийн Улстөрийн золиос дууг монголчууд сүлд дуугаа болговол ямар вэ гэсэн санал тавих гэсэн юм. Уг дуунд
Миний Монгол нэг л буруу замаар замнаад байна...
Долоо дордоход дарга, ноёд нь амиа бодоод одно
Эгэл ард нь энэ л газартаа нусаа хацартаа наагаад үлдэнэ
Адаг сүүлд нь намайг дэмж гэвэл заавал дэмжих алба байхгүй
Дэмжихгүй бол намайг балба айхгүй... гэсэн мөрт байдаг юм байна билээ...
0 Сэтгэгдэл NO: